Шинэхэн гарсан 2021 он ширүүхэн эхэлж, дориухан үйл явдлуудаар дүүрэн өрнөж байна. Хөвсгөл далайн хаяанд хүчтэй газар хөдлөхтэй зэрэгцээд Монголын улс төрд ч түүнээс дутахгүй том асуудлууд ар араасаа цуврав. . Амаржаад удаагүй эхийг хөнгөн нимгэн хөөж туух шахам ХӨСҮТ рүү шилжүүлж буй бичлэгт бухимдсан хүмүүс Сүхийн талбайд жагссанаар холбогдох том албан тушаалтнууд ажлаа өгч далимд нь гэхүү хоморгонд нь гэхүү Засгийн газар дуулиантай огцорч, чоно борооноор гэгчээр Босоо Ганбаа гишүүн Оюутолгойтой заргалдаж өлсгөлөн зарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулга “төрийн эргэлт” болж байгааг сануулж бөөн л бужигнацгаав. Үйл явдал ингээд дууссангүй ээ, дайны хажуугаар дажин дэгдэж УИХ-ын залуу гишүүд Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын Хөгжлийн банкнаас авсан зээл гэгчийн дуулиан дэгдэж, өөрийгөө инфлүүзэр гэж үздэг нэг бүсгүй хүртэл бүр хэвлэлийн хурал зарлаад амжсан. Банкны тухай санаачилсан хуулиас нь болж банкны эзэд баалж, урьд хойчийг ухаж төнхөөд байна хэмээн ширүүхэн дуугараад амжсан. .
Бидэнд ирсэн баттай эх сурвалжийн мэдээгээр, шинэ засаг ажилдаа орж, ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын чимээ дуулдаад эхлэхтэй зэрэгцээд банкны хуулиа баараггүй батлуулаад авсан зориг зүрхтэй гурван гишүүнийг гутаан харлуулах “олон ангит кино”-ны хоёрдугаар анги бэлэн болж буй сурагтай.
“ХАМАР” хочит Ганболдын тусгай захиалгаар Монголын хамгийн өртөг өндөртэй найруулагчаар хийлгэж буй уг нэвтрүүлэг нь нөгөө муу гурван гишүүнийг улс төрд толгой өндийлгөхгүй байх үндсэн ганц зорилготой гэнэ. Нэрт найруулагч сурсан арга, гаршсан барилаараа чухам хужаа болгохуу, авгай хүүхний асуудалд унагахуу, авлигачин луйварчин авах юмгүй адгийн амьтан болгох нуу, харзнаж суухаас өөр арга алга даа. Цагаан сар ба ковидын хар нулимс, Засгийн пиар ба вакцины мэдээн дундуур бас нэгэн дажин удахгүй өрнөх бололтой.