Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.ЭРДЭНЭЧУЛУУН: ТЭЭВЭРЛЭГЧ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТВОРЖУУЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

\"\"

Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуй нэгж байгууллагууд болон бусад төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлсэн. Ингэснээр улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Автотээврийн үндэсний төвөөс тээврийн нэгдсэн системийг нэвтрүүлээд жил гаруй хугацаа өнгөрчээ.  Энэхүү системд ямар мэдээлэл багтдаг, ямар харилцааг зохицуулдаг талаар товч тайлбар өгөөч?

-Манай байгууллагаас улс хоорондын байнгын ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг агуулсан “Тээврийн нэгдсэн систем” программыг 2019 оноос  нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү системээр аж аж ахуйн нэгжүүдэд өөрийн тээврийн хэрэгсэлтэй эсэх, жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд заасан эрхтэй эсэх, мэргэшсэн жолооч эсэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлсөн эсэх, жолоочийн хариуцлагын даатгалтай эсэх зэрэг шаардлага шалгууруудыг тавьж байна. Энэхүү шалгуур үзүүүлэлтүүдээ холбогдох төрийн байгууллагатай цахимаар холбож мэдээлэл солилцож байна.Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем, Техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн систем, мэргэшсэн жолоочийн мэдээллийн сан болон Улсын байцаагчийн дүгнэлт, ЗЦГ-ын Лицензийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагуудын мэдээллийн санг холбосон. Цаашид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гашуунсухайт автозам, Хил хамгаалах ерөнхий газартай холбож, улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

-Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийж буй жолооч нарт тодорхой ур чадвар, шалгуур тавьдаг. Ямар ангилал, зэрэглэлтэй байх шаардлагатай вэ. Мөн жолооч нар миний ажилладаггүй компани намайг бүртгэчихээд байна. Өөр компанид шилжих гэхээр хасч өгөхгүй байна гэдэг гомдол маш ихээр гардаг. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхдээ жолооч нь мэргэшсэн, С,Е, УХАТ ангилалтай байх шаардлага тавигддаг. Үүнтэй холбогдуулан Тээврийн нэгдсэн систем нь мэргэшсэн жолоочийн мэдээллийн сантай холбогдсон байдаг тул тухайн аж ахуйн нэгж байгууллага нь шинээр жолооч ажиллуулахдаа регистрийн дугаараар бүртгэн тухайн жолооч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх эрхтэй үгүйг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хянаж бүртгэн ажиллууж байгаа юм. Гэвч тухайн жолооч нь өмнө нь ажилд орохоор өөр компанид бүртгүүлж байсан, хөтөч хэмээн нэрлээд байгаа хүмүүсд ажилд зуучлуулан бүртгүүлж байснаас хувийн мэдээлэл нь бусдад алдагдах тохиолдлууд их байна. Нэгэнт тухайн компани бүртгэл дээр бүртгэлтэй байгаа жолоочийг компани нь хасаж өгөхгүй тохиолдолд үйлдвэрийн газраас холбогдох өргөдөл санал гомдлыг тухайн жолоочоос өөрийн биеэр ирж хандвал хасалтыг хийж өгнө.

-С зөвшөөрөл гарсан машиныг тухайн зөвшөөрөл дээр нэр дурдагдсан жолооч барьж болно, өөр жолооч барьж болохгүй гэдэг өөр ойлголт яваад байдаг. Энэ ямар учиртай вэ?

-С төрлийн зорчих зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх автомашинд олгогдох бөгөөд тухайн компани нь жолоочийн ажил амралтын дэглэмийг зөрчүүлэхгүй байх үүднээс эсмен жолооч буюу ээлжийн жолоочоор С төрлийн зорчих зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг бариулж болно. Өөрөөр хэлбэл тухайн компанийн аль ч жолооч С зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээрээ тээвэрлэлт хийж болно.

-С зөвшөөрөл олголттой холбоотой гомдол, хардлага ихээр гардаг. Дөрөвдүгээр улирлын С зөвшөөрлийн олголт ямар журмаар явагдавШинээр ямар зохицуулалт оров?

-Үйлдвэрийн газрын захирлын удирдамжаар Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудад 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ний өдөр хүртлэх хугацаанд  тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зэрэглэл тогтоох, эрсдлийн үнэлгээ гаргах ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Мөн хяналт шалгалтын дүнгийн талаар  2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр үйлдвэрийн газрын хурлын зааланд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг шаардлага хангаагүй компаниудыг цэгцлэнэ. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй.

 -Саяхан нэр бүхий компаниудаас 5700 С зөвшөөрлийг зөвхөн Хятад компаниудад олгосон, Монгол компаниудыг хохироосон тухай нийтлэл гарсан. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?

-АТҮТ “С” зөвшөөрлийн бичгийг ямар нэг шалгуур тавилгүй зарж борлуулаад байна гэж ойлгож болохгүй юм. Зөвшөөрлийн бичгийг олгох дараалал нь Аж ахуйн нэгж нь тээвэрлэлт хийх хүсэлтээ тээврийн нэгдсэн системээр дамжуулан уурхайд гаргана. Үүний дараа Уурхай тухайн аж ахуйн нэгжийн хэдэн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт явуулах талаарх хүсэлт буюу баталгаажуулалт хийдэг. Энэ үйл явц явагдсны дараа АТҮТ- өөс зөвшөөрлийн бичгийн олголт хийгдэж байгаа.

Тэхээр бие биендээ хамаарал бүхий үйл ажиллагаа явсны дараа бичиг олгогдож байгаа биз дээ. Хэн нэгэн хүнээс хамаараад бичиг өгнө гэж байхгүй. Үүнийг л жолооч , аж ахуйн нэгжийн удирлагууд сайн ойлгомоор байна.

 -Зэрэглэл тогтоох хяналт шалгалтад компаниуд юун дээр их алдаа зөрчил гаргасан бэЦаашид юун дээр анхаарах ёстой вэ?

- ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон байна. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан. Шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 \"бага\", 67 \"дунд\", 69 \"их\" эрсдэлтэй дүгнэгдсэн. Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүд хангасан аж ахуй нэгж тун цөөн байна. Хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн дүгнэхэд уул уурхайн салбарт дахь ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг аюул осолгүй тээвэрлүүлэх, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, чадавхижуулах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа юм.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.