Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг Хурлаар хэлэлцүүлэн, батлуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөн барилаа.
Нийслэлийн ИТХ ээлжит бус II хуралдаанаараа 2020 оны төсөвт тодотголыг хийхдээ тэвчиж болох зардлуудыг танаж, төсөвт суусан ч ажил нь эхлээгүй гэрээ хийгдээгүй бүтээн байгуулалтуудыг хойшлуулж, санхүүжилтийг нь цар тахлын дэгдэлтийг зогсоох ажилд дэмжлэг үзүүлэх, болзошгүй эрсдлийг хохирол багатай даван туулахад зарцуулахаар тодотголд суулгаж баталсан юм.
Ж.Батбаясгалан: Цар тахлын үед ч төрийн ажил цалгардах учиргүй
Нийслэлийн төсвийн төслийг өргөн барих үеэр “2021 оны төсвийн төсөлд цар тахлын улмаас орлого буурах төлөвтэй байна. Иймээс зарим ажил арга хэмжээг хойшлуулах асуудал үүсэж болзошгүй бөгөөд энэ хүнд цаг үед бид ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, зорилтот бүлгийн иргэд болон хүүхдүүдэд чиглэсэн халамж зэргийг тасалдуулахгүй байх гэсэн зайлшгүй бодлогыг баримтлан оновчтой хуваарилалт хийж, нэн шаардлагатай ажил, арга хэмжээг эрэмбэлж ирэх оны төсвийг батлана\" гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолсон.
Ташрамд, Нийслэлийн 2021 оны төсвийг Хурал арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэн, батална. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг батлах тухай, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг батлах тухай нийт таван бодлогын бичиг баримтыг өргөн барьсан юм. Тиймээс Хурлаар дээрх асуудлыг хамтад нь хэлэлцэнэ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ