Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг ээлжит XXXIII хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, баталлаа.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсов. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа.
Уламжлалт зуухыг хэрэглээнээс халах, нийтийн тээвэрт шинэчлэлт хийх, “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажилд 2008-2016 онд 160 тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй аж.
Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлснээр агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан байна. Үүнийг дагаад хөрсний бохирдол ч буурсан үзүүлэлтэй байгаа юм. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сайжруулсан түлш нөөцлөх агуулах барьж, ашиглалтад оруулахын зэрэгцээ түлш нийлүүлэх, борлуулах ажлыг нийслэлээс бүрэн хариуцсанаар халаалтын улирлыг бэрхшээлгүй давжээ. Мөн сайжруулсан түлш хэрэглэх, заавар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ айл өрхүүдийн 45 мянган зуухыг холбогдох албаныхан цэвэрлэж, битүүлж өгөхийн зэрэгцээ халаалтын зуухыг буулгаж, янданг цөөлөх хүрээнд бага, дунд оврын 700 гаруй зуухыг буулгасан байна. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг гэр хорооллын гудамжаар анхааруулахын зэрэгцээ, зөвлөгөө мэдээллийг олон нийтийн сүлжээ болон телевизээр өгч байгаа аж.
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлжээ. Энэ хүрээнд одоогийн байдлаар 23 мянган тонн түлш нөөцлөөд байгаа аж. Мөн Гандантэгчинлэн хийд орчмын айл өрхийг инженерийн шугамд холбох болон зургаан байршилд төвлөрсөн дулаан хангамжийн төв магистрал шугам барих ажлыг эхлүүлжээ. Мөн зургаан дүүргийн гэр хорооллын тоосжилт ихтэй 22 байршилд 27 тэрбум төгрөгөөр 36 км хатуу хучилттай зам тавихаар ажиллаж байгаа гэнэ.
Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин ашиглах чиглэлээр 11 мянган өрхийг сонгон туршилт хийж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдлыг бууруулах төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэллээ. Мөн дулааны цахилгаан станцуудын үнсийг дахин ашиглах чиглэлээр туршилтын ажил хийж байна.
Танилцуулгыг сонсоод төлөөлөгчид тодруулга мэдээлэл авч, саналаа хэлсэн юм. Заримаас нь дурдвал, тоосжилтыг бууруулах хүрээнд тоосгоны үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх, гэр хорооллын дахин төлөвлөлт болон дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолсон. Мөн тоосжилтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах нь зүйтэй гэв.
Ээлжит XXXIII хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг бид хуралдаан бүрээрээ хэлэлцдэг уламжлалтай. Энэ бол нийслэлийн 1.5 сая оршин суугчийн хууль ёсны эрх ашигтай холбоотой чухал асуудал. Алдаж эндсэн зүйл бий. Гэхдээ бид сэтгэл нэгтгэж, нэг зорилгоор ажилласан болохоор өвлийг гал алдахгүй давж, агаарын бохирдлыг 50 орчим хувиар буурууллаа. Ирэх өвөл бид сайжруулсан түлшийг айл өрхүүдэд хүргэх гэж биш, өөр ажилд анхаарлаа хандуулж, амжилт гаргах ёстой” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ