Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна

\"\"

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 шинэ коронавирусний  халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдыг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх юм. Иймд тусгай зориулалтын компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Тус хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагч, цагдаагийн албан хаагч, хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн албан хаагч гэх мэт  1300 төрийн албан хаагчийг хамруулна.

Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой, хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага, “Буянт-Ухаа 972” түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдсан 35058 иргэний 87,8 хувь түрээсэлж өмчлөх хэлбэрийг сонгож бүртгүүлсэн. Мөн зах зээл дээр борлогдоогүй орон сууцыг эргэлтэд оруулах, цаг хугацааны хувьд хурдан хэрэгжих боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм. Төслийг хэрэгжүүлэхдээ зах зээл дээрх бэлэн 55 м2-аас дээшгүй хэмжээтэй орон сууцуудаас худалдан авахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний ээлжид Монгол банкнаас НОСК-ийн өмчид байгаа орон сууцуудыг барьцаалан 100 тэрбум төгрөг зээлэх юм байна. Харин хоёрдугаар ээлжид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган хөрөнгөө босгохоор төлөвлөж байгаа аж. Цаашлаад зах зээл дээрх бэлэн орон сууц худалдаж авснаар Ковид-19 халдвараас үүдэн үйл ажиллагаа нь доголдоод байгаа барилгын компаниудад дэмжлэг болж буй давуу талтай юм.

Асуудлыг хэлэлцэх үеэр НОСК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Сүхбаатар Ипотекийн зээлийн дараах төслийг Нийслэл өөрөө хэрэгжүүлж байгаа гэдгийг онцолж байсан бол Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Төрхүү квотыг нэмэгдүүлэх санал хэлж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “100 тэрбум төгрөг зээлж, зах зээл дээрх орон сууцыг худалдаж авч байхаар хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөөд 50:50 хувийн төлөлтөөр худалдан аваад, харин 100 тэрбум төгрөгөөрөө илүү олон орон сууц худалдан авч, төсөлд хамрагдах боломжийг илүү тэлэх боломж харагдаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр менежментээ хийх боломжийг судалсан уу? Монгол банкнаас зээлсэн 100 тэрбумаар 1000 орон сууц бус 2000 орон сууц худалдан авах боломж харагдаж байна” гэлээ. Харин Тэргүүлэгч П.Батчимэг төрийн албан хаагчдын цалингийн шатлалаас хамаарч уг хөтөлбөрт доод албан тушаалтнууд хамрагдах боломж хомс харагдаж байгааг хэлж байсан бол Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир Ковид-19 халдварын үеэр хэсгийн ахлагч нар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа тул дараагийн ээлжид эдгээр иргэдийг хамруулах тал дээр анхаарч ажиллахыг, мөн орон сууцны төсөл хэрэгжүүлэхдээ алслагдсан дүүргүүдээ үргэлж орхигдуулж ирснийг хэлээд цаашдаа анхаарах ёстойг хэлж байсан юм. Харин Тэргүүлэгч Д.Баттулгын зүгээс түрээсийн орон сууц хэрэгжүүлэх бодлого зөв, гэхдээ хэрэгжүүлэх механизмаа зөв хийх хэрэгтэй байна гэв. Харин НОСК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” -ыг баталсан, энэ журмын дагуу төслийг хэрэгжүүлнэ гэлээ. 
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоог бууруулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.