Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стандарт, хэмжил зүйн “Түр дарга” Б.Билгүүндээ анхаараач ээ

Өөрөө хууль зөрчиж томилогдсон Түр орлон гүйцэтгэгч байж Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг үл тоон, хууль зөрчих “Түр дарга” нар байгааг шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар анхаарсан гэж найдна. Тэд “түр” саатаад мордох богино хугацаандаа төрийн албыг жинхэнэ утгаар нь самарч, төсвийн мөнгийг үргүй цацаж байгааг бүр ч анхаарах ёстой. Шударга ёсны туг дарцаг болж яваа сайд нар маань үүнийг анзаарч, арга хэмжээ авна гэдэгт ч найдаж байна. Хуулийн дээр гишгиж байгаа нь Стандарт, хэмжил зүйн газрын “Түр дарга” Б.Билгүүн юм. Түүнийг анх Ө.Энхтүвшин Шадар сайдаар ажиллаж байхдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Дэд даргаар томилогдсон байсаныг үл огоорон  улмаар 2019 оны дөрөвдүгээр сард Стандарт,хэмжилзүйн газрын даргын албан тушаалыг  Түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны наймдугаар сард шинэ Шадар сайд Я.Содбаатар энэ оны  арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар түр томилсон шийдвэр гаргуулсан  байдаг. Түр орлон гүйцэтгэгчид богино хугацаандаа их ажил амжуулах гэж байгаа мэт аашилдаг. Тухайлбал, “Түр дарга” Б.Билгүүн нь төсөв мөнгө хэмнэх шийдвэр зөрчиж, хурган дарга нарынхаа өрөө тасалгааг тохижуулж, дүрэм журамд заагаагүй форм хувцас хийлгэж гээд хэл ам дагуулж байсныг уншигч та санаж байгаа байх. Уншигчид анзаарахаасаа илүүтэй түүнд хамаарах Я.Содбаатар сайд анзаарсан байлгүй. Эсвэл Ерөнхий сайд, Шадар сайд нар нь хууль бус үйлдлийг нь харсан ч хараагүй мэт байгаа учраас “Түр дарга” маань барьцаа ахиулаад даварч байгаа хэрэг үү. Бүр Засгийн газрын шийдвэр цаашаа болж, “Төсвийн тухай хууль” зөрчин, төрийн мөнгийг ч үргүй зарж, бусад аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүйг илэрхийлэх  “Шилэн данс”-ны хөдлөшгүй баримт, дотоод эх сурвалжийн мэдээлэлд дурдан ирүүлсныг хүргэж байна.  

Б.Билгүүн, Б.Эрдэнэзул нар тус бүр хоёр ширхэг зуслангийн байшин бариулж байна

Өнгөрөгч 2017 онд Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлөөс шийдвэр гарган, байгууллагын албан хаагчдад зориулан, 60 айлын газрыг холбогдох журмын дагуу олгосон нь алба хаагчдын баярын магнайд гийсэн гэрэл гэгээ байв. Гэтэл өнөөх баярын цуурай татуулж байсан газар нь энгийн үйлчилгээний ажилтнууд, тангараг өргөсөн зарим төрийн албан хаагчдад хүртээлгүй учраас өнөөх баярын дуу цуурай болон замхарах нь тэр. Аргагүй, тус газар нь “Түр дарга”-ын шугамаар танил тал, дарга сэтэртнүүдийн гараар орсон аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар өөр байгууллагын түшмэд ноёд ч тус газраас хишиг хүртсэн байх магадлалтай гэнэ. Ямартай ч тус газарт “Түр дарга” Б. Билгүүн, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул болон В.Ганзориг тэргүүтэй зарим газрын дарга нар тус бүр хоёр байшин  захиалан бариулж байгаа гэх мэдээлэл бий. Энэхүү газарт тус бүр хоёр ширхэг байшин  захиалан бариулахад чамгүй их мөнгө зарцуулна. Гэтэл эдгээр хүмүүс чухам ямар мөнгөөр хоёрын хоёр хаус захиалан бариулаад байна вэ гэх хардлага ч төрнө. Магадгүй,төсөв хэтрүүлж зарцуулсан  их хэмжээний мөнгө 100 хувь засвартаа зарцуулагдсан уу, үгүй юу гэдэг хардлага ч дагуулсан асуудал боллоо.

“Төсвийн тухай хууль” зөрчиж, “танхайрав”

Тус байгууллагаас Стандарт, хэмжил зүйн салбарын 95 жилийн ойн баярыг угтан, засвар үйлчилгээндээ бодитой анхаарч, шинэчилсэн байдаг. Гэтэл Б.Билгүүн “Түр дарга” их засвар нэрээр төсөв хэтрүүлэн 546 сая төгрөгийн төсөвлөгдөөгүй зардал гаргахдаа тендер зарлалгүй, танил татан, “Далуу” компаниар  гүйцэтгүүлж давуу байдал олгожээ. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Тодотговол, 2020 оны батлагдсан төсөвт байгууллагын 1,2 дугаар байрны засварт 550 сая төгрөгөөр засвар хийж, ахин засвар нэрээр 546 сая төгрөгийг төсөв хэтрүүлэн зарцуулсаныг дээр өгүүлсэн.Гэтэл дээрхи төсөв хэтрүүлсэн зардлаа аймгуудын хэлтсийн давсан орлогоос нөхөх ухааныг мань эр сэдэн олжээ. Одоогоор нэр бүхий аймгуудын 200 орчим сая төгрөгийг цуглуулаад байгаа бололтой Энэ нь мөн л хууль бус үйлдэл юм.  Үүгээрээ тэр “Төсвийн тухай хууль”-ийг ноцтой зөрчин, Сангийн сайдаас ч том толгой гаргажээ. Тус байгууллага, хэлтэст давсан орлого байж болох ч түүнийг Сангийн сайд, холбогдох байгууллагын зөвшөөрлөөр юунд зарцуулах эсэхээ шийдвэрлэдэг болохоос биш нэг агентлагийн “Түр дарга”-ын хийх ажил биш. Энэ бол Хууль тогтоох дээд байгууллагаас баталгаажуулсан хууль зөрчиж байгаа ноцтой асуудал хэдий ч огт анхаарахгүй байгааг гайхаж байна. Энэхүү хууль бус  үйл ажиллагаагаа явуулахын тулд О.Оюунтуяа гэгч бүсгүйг гаднаас татан авчирч, Ахлах мэргэжилтнээр томилон, зөвхөн түүгээр дамжуулан хэрэгжүүлэх онцгой үүрэг өгөн ажиллуулжээ. Үүнийг зохион байгуулалттай ажлын нэг хэлбэр ч гэж болохоор. Олон зуун саяар гүйцэтгэсэн засварын цаана хурган дарга нарын өрөөг томруулах, хэвийн ажиллаж байсан ариун цэврийн өрөөний суултууруудыг сольж, оронд нь жижиг, чанар муутай суултуур тавих зэргээр төсвийг үргүй зарцуулж байна. Энэ мэтээс харахад мөнгө угаах нэг арга хэрэгсэл ч юм шиг хардах сэтгэл төрнө. 

Үйлчилгээний ажилчдаа хувийн цэвэрлэгээнд дайчлав

“Түр дарга” маань Зайсангийн бүсэд байрлах олон тэрбумаар үнэлэгдэх том обьектыг эзэмшиж, байгууллагынхаа үйлчлэгч, цэвэрлэгч, жолооч гэх мэт үйлчилгээний ажилчдыг  “дарамтлах” замаар цэвэрлэгээ хийлгэж, хөдөлмөрийн  мөлжлөг явуулсан байна. Харин ажилчид хэчнээн дургүй байсан ч Хяналт,шинжилгээ, бодлогын газрын дарга Б.Ууганбаяр, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул нар  ажлын цагаар ажилчдыг чөлөөлж, гадуур хувьдаа ажиллуулах нөхцлийг бүрдүүлж өгсөн нь ч төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй зүйл гэдгийг ч хүмүүс дурдав. Энэ нь бусдад жижиг асуудал мэт харагдаж байгаа ч цаана нь асар их хувийн эрх ашиг нуугдаж байгаа юм. Хууль дүрэм журам үйлчилдэг бол зөвхөн энэхүү ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө Б.Билгүүн хариуцлага хүлээж ажлаа өгөх  ёстой юм.

Б.Билгүүний асран хамгаалагч С.Янжинсүрэн

Стандарт хэмжил зүйн газар нь Шадар сайдын багцад хамаарах бөгөөд тус байгууллагыг алсаас удирдан чиглүүлж, “Түр дарга” Б.Билгүүнийг хаацайлдаг хүн нь Шадар сайдын Ахлах зөвлөх С.Янжинсүрэн гэх. Тэрээр Түр орлон гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийг хаацайлж, түүнийг хамгаалдаг гэх ойлголт олон удаагийн хууль бус үйлдлээс ажиглагдаж байгаа юм. Тодотговол, урьд өмнө журамд заагаагүй дүрэмт хувцас хийж байхад хамт зургаа татуулан зогсож байгаа нь дэмжсэн гэж харж болохоор. Төсөв хумисан үед дарга нарынхаа өрөөг тохижуулж байхад чимээгүй өнгөрсөн нь ч дэмжсэн гэж болохоор. Зөвлөх бол энэ мэт зүйлд зөвлөж, бурууг хааж, зөвийг нэвтрүүлэх ёстой. Гэтэл бүх зүйлийг чимээгүй өнгөрөөж байгаа нь ямар нэгэн байдлаар албан ажлаас өөр зүйлд хамтрагчид гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл тэр “Түр дарга” төр хоёрын дундах “Зөөлөн холбоо” мэт ажиллаж байна. С.Янжинсүрэн зөвлөхийн нөхөр нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл гэхээр яах аргагүй дарга сайд нарт хамтрагчдаа зөв талд нь таниулж чаддаг, хатууг зөөлрүүлж өгдөг ачтан бололтой.

Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээж байна

Б.Билгүүний хууль бус шийдвэрийн цаана төрийн албаны дунд шатныханы маш том авилгалын сүлжээ байж болох юм. Стандарт,хэмжилзүйн газарт одоо үүсээд байгаа нөхцөл, байдалд  “... дунд, доод шатны хүнд суртал, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана” гэж ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байсан  Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрсэн зөрчил дутагдлыг шалгаж баталгаажуулан  түр томилогдсон Б.Билгүүнийг  татаж авах шийдвэр хамгийн онвчтой гэж үзэж байна. Уг нь Стандарт, хэмжил зүйн газар нь Шадар сайд Я.Содбаатарын багцад хамаарах юм. Гэтэл өөрөө ЖДҮ энэ тэрээс эхлээд хэл амтай томилоглдож байсан Шадар сайд маань арай энэ мэт байгууллагын дарга нараа өөгшүүлэн ажилладаг юм биш гэх хандлага ч байна. Арга ч үгүй удаа дараа хууль зөрчиж байхад ямар ч арга хэмжээ авахгүй байна шүү дээ.

 

АШГИЙН ТӨЛӨӨ АНААГАХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ГОМДОЖ БАЙНА
АШГИЙН ТӨЛӨӨ АНААГАХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ГОМДОЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.