Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.ГАН-ЭРДЭНЭ: Монгол улсад элэгний B вирусын халдвартай хүмүүсийн 60 хувь нь D вирустэй

Б.ГАН-ЭРДЭНЭ: Монгол улсад элэгний B вирусын халдвартай хүмүүсийн 60 хувь нь D вирустэй

 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн  мэс заслын  нэгдүгээр тасгийн  элэг, цөс, нойр булчирхайн  мэс заслын эмч, Ахлах зэргийн эмч Б.Ган-Эрдэнэтэй элэгний өвчлөл болон элэгний өмөн /хавдар/-гийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн, сайн байна уу?

-Монголчуудын дунд элэгний өвчлөл нилээд тархмал байдаг. Энэ дундаасаа элэгний хортой, хоргүй хавдраар өвчлөгчдийн тоо жилээс жилд өсөж байна. Энэ төрлийн хавдар үүсэх гол шалтгаан нь юу байдаг вэ?

-Ер нь элэгний хавдрын 90 хувь нь B, C, D, E,  гэх мэт вирусийн шалтгаантай бий болдог бол үлдсэн хувьд нь удамшлын, архи шалтгаант элэгний үрэвсэл, элэг өөхлөх, аутоиммуны өвчин гэх мэт. Манай Эмнэлэгт элэгний хавдрын бүх төрлийн эмчилгээг дангаар болон хавсруулан хийж байна. Үүнд: 1. Мэс засал эмчилгээ 2. Түлэх эмчилгээ RFA 3. Судас боох эмчилгээ TACE, TAE, PVE  4. Элэг Цөсний замд гуурс байрлуулах PTBD and ERCP гэх мэт эмчилгээ оношлогоо хийгдэж байна. Хавдрын үе шатнаасаа шалтгаалан эмчилгээний аргыг сонгоно. Олон улсын Барселоны ангиллыг ашиглаж эмчилгээний аргаа шийдэж байна. Манай эмнэлэг элэгний бүх төрлийн хавдрын эмчилгээг хийж байна.

-Элэгний өвчлөл болон вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

-Монголд 90 оноос өмнөбуцалгасан тариур хэрэглэж, нэг удаагийн тариургүй байсан нь өнөөдрийн B, C вирусийн өвчний тархмал байдлыг бий болгосон. Вирус авахгүй байх хамгийн чухал зүйл нь мэс ажилбар, болон эмнэлгийн хэрэгсэл нэг удаагийн байх хэрэгтэй. Иргэд ч үйлчлүүлж байгаа эмнэлгээсээ эдгээрийг шаарддаг байх хэрэгтэй. Манай улс нэг удаагийн хэрэгсэл хэрэглээд нилээд дадаж байна. Өнөөдөр мэс заслын тасагт л гэхэд халад , ариун даавуу, дурангийн хагалгааны трокар, клип  гэх мэт бараг ихэнх зүйл  нь нэг удаагийнх болсон.

Үүнээс гадна B, C вирусийн шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрэв вирусийн шинжилгээгээр вирусгүй буюу сөрөг гарсан бол B вирусийн вакцинжуулалтад хамрагдаж, дараа нь дархлаа тогтсон эсэхийг заавал шалгуулах шаардлагатай. Үнэхээр дархлаа тогтсон байвал D вирусээр өвчлөхгүй. Нэг ёсондоо В вирусээр дамжин Д вирус үүсдэг. Хэрэв B, D вирус хавсарсан байдлаар илэрвэл элэгний өвчлөл өндөр,  нас баралтын хувь нь  С вирусээс ч өндөр байдаг тул дархлаажуулалт нэн чухал юм.  С вирусийн хувьд эмчилгээний тактик, эм олон төрлөөрөө байдаг тул эдгэрэх бүрэн боломжтой болсон. Хэрэв С вирусийн халдвартай гэдэг нь тогтоогдсон бол вирусээ тоолуулах, элэгний эмчийн хяналтад орох , эмчилгээгээ тогтмол хийлгэснээр элэгний хатуурал, хавдар болгохгүй энэ үе шатанд барьж үлдэх боломжтой. 

Дэлхий дахинд өнөөдөр D вирусийн эмчилгээний асуудал их хөндөгдөж байна.  Дэлхийд D вирусийн халдвар маш бага байдаг. Өндөр байдаг орнуудын тоонд Африк, Өмнөд америк, Монгол, Зүүн европын орнууд ордог. Монголын хувьд B вирусын халдвартай хүмүүсийн 40-60 хувь нь D вирустэй байна гэж үздэг. Үүнээс ч  их байхыг үгүйсгэхгүй байгаа. МУ-ын хэмжээнд “Элэг бүтэн монгол ” хөтөлбөрийн 2 дахь үе шат нь Д вирусийн асуудлыг хөндөж удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна.  D вирусын эмчилгээнд hepcludex, Германы эрдэмтэн Стивен Урбан D вирусын эмчилгээг анх удааа гаргасан.

Мөн шаардлагагүй мэс ажилбарууд битгий хийлгээч ээ!  Уруул, хөмсөг, маникюр  гэм нь маш их эрсдлийг дагуулж байдаг. Шаардлагагүй тариураас татгалзаач ээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр тухайн хүн идэж, ууж чадаж байгаа бол уухаар эмийг хэрэглэнэ үү гэдэг. Тиймээс тариа хийлгэчихвэл л сайхан болно гэсэн ойлголтоосоо салах цаг болсон гэж хэлмээр байна.

- Тэгвэл вирусийн бус халдварын 10 хувийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах. Таргалалт, хөдөлгөөний хомсдол нь элэг өөхлөх шалтгаан болж байна. Мөн турна гээд өлсөөд явах биш нэг удаа ойр ойрхон бага багаар хоолох, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх хэрэгтэй. Ер нь бол идсэн хоолныхоо калорийн хэмжээтэй дүйцэхүйц хөдөлгөөн хийж чадвал таргалалт үүсэхгүй, элэг өөхлөхгүй.

-Бохирын шар буюу элэгний А вирусийн тухайд?

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн халдвар харьцангуй багассан. А гепатитийн үед суурь элэг маань гэмтдэг тул элэгний архаг үрэвсэл нөлөөлнө.  А гепатит нь богино хугацаанд цочмог үрэвсэл явагдаж яваандаа өөрөө эдгэж дархлаа тогтдог буюу дахиж А гепатитын халдвар авахгүй болдог.

-УХТЭ элэгний хавдрын мэс заслыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Элэгний хавдрын мэс заслыг урьд манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа л хийж эхэлсэн. Гэхдээ 2015 онд бид орчин үеийн элэгний хавдрын мэс заслын  техник, тоног төхөөрөмжөөр Ж.Чинбүрэн эмчийн удирдлага дор хийж эхэлсэн. Мөн 2019 оноос элэгний хавдрыг түлэх болон боох  эмчилгээг хийж байна.  Элэгний хавдрын түлэх эмчилгээ нь элгийг арьсны гаднаас нь хатгаж жижиг хавдрыг түлж эмчилдэг эмчилгээ юм.  Хоёрдугаарт судсан доторх оношилгоо эмчилгээ буюу ангиографиар элэгний хавдрыг бөглөх эмчилгээ хийж байна.

-Элэгний боолт болон түлэх эмчилгээ нь юугаараа ялгаатай вэ?

-Боох эмчилгээ нь судсан дотуурх мэс ажилбар. Түлэх эмчилгээ нь эрт үеийн хавдар болон жижиг хавдрууд дээр хийгддэг. Зарим тохиолдолд гүнд байрласан буюу элэгний хатуурал ихтэй үед  энэ хоёр аргыг хавсарч хэрэглэж болдог.

-Танай эмнэлгийн хувьд элэгний дурангийн мэс заслын үр дүн ямар байгаа вэ?

-Манайд захын байрлалтай хавдрууд болон элэгний хатуурлын үед хэсэгчилсэн тайралтуудыг дурангийн мэс заслаар ихэвчлэн хийж байна. Нийт хагалгааны 10 гаруй хувийг дурангийн мэс засал эзэлж байна. Хагалгааны дундаж хугацаа болон ор хоног маш богино байдаг. Дундаж ор хоног 5 хоногтой.  Хагалгааны дараах нас баралт хүндрэл гараагүй байна.

-Эмнэлэгт хийгдэж байгаа элэгний хавдрын эмчилгээ, эмчилгээний үр дүн дэлхийн жишигт хэр зэрэг ойр байгаа вэ?

-Манай эмнэлэг дээрх хагалгааны дараах  үр дүн дэлхийн жишигтэй ойролцоо , зарим талаараа давуу зүйл ч ажиглагдаж  байгаа.

-Элэг үрэвссэн байна гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Ядрах сульдах, турж эцэх, гэдэс дүүрэх цанхайх, хоолны дуршил буурах , хоолны  шингэц муудах, бие организм шарлах, хэвлийн дээд хэсэгээр буюу аюулхай орчимд өвдөх гэх мэт шинжүүд хавсарч илэрдэг. Ер  элэг нь  дүлий эрхтэн гэгддэг. Эцсийн шатандаа орсон үедээ эдгээр шинж болон өвдөлт илрэх тохиолдол их байгаа. Тиймээс анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэг байнга хийлгэж хэвших хэрэгтэй.

-Хавдрын маркерууд нь өндөр гараад тэгсэн мөртлөө багцын багажийн шинжилгээ нь эхо, бүтэн биеийн компютертомографик, MRI-гаар хаанаа ч хавдаргүй гэж гарсан тохиолдол Монголд цөөнгүй гардаг гэж сонссон. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Маркер нь зөвхөн элэгний хавдрын үед ихэсдэг юм биш. Элэгний хатуурлын зэрэг өндөр үед ч өндөр гарч болдог. Дээрх асуудал Монголд нилээдгүй тохиолддог бөгөөд энэ үед манайхан ихэвчлэн гадаадруу онош тодруулахаар явдаг. Энэ байдлыг арилгахын тулд манай эмнэлэг цөмийн оношилгооны бүтэн биеийн компьютер томограф (PET CT) суурьлуулагдаж байна. Мөн 3+TESLA MRI суурьлуулагдаж байгаа бөгөөд эдгээр багажууд ашиглалтад орвол бид бүх төрлийн хавдрын нарийн оношилгоог эх орондоо хийх бүрэн боломж бүрдэж эрт үеийн илрүүлгийг хийх боломжтой болно. Эрт үеийн илрүүлэг хийгдсэнээр эмчлүүлэгчид ч тэр, эмнэлэгт ч тэр хүндрэл багатайгаас гадна олон давуу тал үүсдэг.

 

Ковид 19-ийн үед барууны орнуудын бүх сул тал тод илэрч байна
Ковид 19-ийн үед барууны орнуудын бүх сул тал тод илэрч байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.