Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын Удирдах ажилтны уулзалт семинар -2020 Төв аймгийн Зуунмод суманд боллоо. Зөвлөгөөн семинарт Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 120 гаруй удирдах ажилтан оролцож, салбарын бодлогын хүрээнд санал бодлыг нь сонсох цаашдын зорилго чиглэлээ тодорхойлон оролцож байна. Нийтийн аж ахуйн салбар нь хүний үндсэн эрх болох баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах хүрээнд төр засгаас онцгойлон анхаарч жил бүр нэлээдгүй хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлж ирэв. БХБСайдын багцад 2016-2019 онуудад нийт 326,1 тэрбум төгрөг батлагдсанаас 159,0 тэрбум төгрөгийг нийтийн аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт болгон оруулсан байна. Гэсэн ч бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх асуудлууд байгааг удирдах ажилтнууд онцолж байлаа. Түүнчлэн нийтийн аж ахуйн салбарынхны нийгмийн амьжиргаа, цалин хөлсний асуудлууд ч хөндөх сэдэв байсаар удаж байгаагаа ч дурьдлаа. Салбарынхны хувьд болж байгаагаа дурьдаж болохгүйгээ хэлэлцэж ирэх онуудад хийх ажлуудаа төлөвлөх хурал боллоо хэмээн онцолсон.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үгэндээ Нийтийн аж ахуйн салбарынхнаа дэмжиж, уялдаа холбоотой ажиллахаа илэрхийллээ.
Салбарт БНХАУ -ын хөнгөлттэй 249,6 ам.долларын зээлээр 250,000м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Мөн АНУ -ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийн 140.000 м3 /хоног хүчин чадалтай баруун эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээ, мөн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулах технологийн зориулалтаар ашиглах 50.000м3 хоног хүчин чадалтай үйлдвэр шугам сүлжээг барьж байгуулах ажлын бэлтгэл хийгдэж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Булган, Дархан Уул, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн төв Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гэх мэт томоохон ажлуудыг гүйцэтгэж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын нийслэл болон 14 аймгийн төв орчин үеийн технологи бүхий дэвшилтэт цэвэрлэх байгууламжтай болж байгаа юм.