-Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Өнгөрсөн дөрвөн жилд олонх болж ажилласан танай нам энэ жил шинэ нэр дэвшигчдээр нэлээд сэлбэсэн харагдана. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Сонгуулиар парламентын гишүүдийн нэлээд хувь нь шинэчлэгддэг. Энэ жилийн сонгуулиар МАН-аас 30 гаруй шинэ хүн нэр дэвшиж байна. Манай нам 2016 оны сонгуульд 65 суудал авсан ч маш хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Юу болсон бэ гэхээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төрийг, хууль хяналтын байгууллагатай нь мафизм сүлжээ болгочихоод байсан. Үүнийг бид МАНАН бүлэглэл гээд байгаа. Энэ Мафизм сүлжээнд манай намаас ч хүмүүс ил, далд татагдаад орчихсон нь үнэн. Энэ сүлжээг тайлахгүйгээр цааш ямар ч ажил явах аргагүй болчихоод байлаа. Нэг талаас ялсан нь сайхан байсан боловч нөгөө талаас МАНАН бүлэглэл, мафизм сүлжээг хэрхэн яаж тайлах вэ, яаж саармагжуулах вэ гэсэн асуудал байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, С.Зоригийн хэргийн шийдвэрлэлтийн асуудал бол бүхэлдээ төрд, хууль хяналтын байгууллагад бий болсон тэр сүлжээг тайлах, саармагжуулах гэсэн оролдлого гэж ойлгож болно. Үүнийг хийхэд маш хэцүү. Тэр сүлжээнд татагдан орсон манай намын хэд хэдэн хүн байсан. Яг үнэндээ МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраа сольсон шалтгаан нь тэр юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд манай шинээр сонгогдсон гишүүд, бидний “толбогүй гишүүд” гэж ярьдаг залуучууд үндсэндээ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би хэлнэ. Тиймээс ч бид залуучуудаа дэмжих ёстой.
-Парламентын туршлагатай гишүүний хувьд залуу гишүүддээ “муугүй” гэсэн дүн тавьжээ. Эдгээр гишүүдээс та хэнийг онцлох вэ?
-Ер нь бол нам дотор хурц асуудал ярьж, дуугарах гарцаагүй нөхцөл үүссэн. Тэр үед манай нэр бүхий залуучууд хүчтэй дуугарч, байр сууриа илэрхийлж, тэмцэл хүртэл өрнүүлж, залуучууд, ард түмнээ нэгтгэж уриалж чадсан. Х.Нямбаатарыг би онцолмоор байна. Манай залуу гишүүд намын болон улс орны эрх ашгийг сайн ойлгож, төрийн хүний зарчимч байдлаар асуудалд хандсан гэж би хэлнэ. Бүр тодорхой ярьвал, шударга ёсыг сэргээн тогтоох, мафизм бүлгийг саармагжуулахад Х.Нямбаатар гишүүний оролцоо их байсан. Үүнийг бид зүй ёсоор үнэлэх ёстой. Нөгөө талаар Х.Нямбаатар хуульч хүн. Багшилж байсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга байсан. Энэ утгаараа хуулийн болоод нутгийн өөрөө удирдах талаасаа ч бэлтгэгдсэн хүн гэж би үнэлдэг. Ийм туршлага байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль гэх мэт хуулийн төслүүд дээр Ажлын хэсгийг ахалж, нэлээд идэвхтэй ажилласан. УИХ-ын гишүүнээр сонгогдсон эхний дөрвөн жил суралцах жилүүд байдаг. Гэхдээ би Х.Нямбаатарыг би залуу хүн ч гэлээ Ажлын хэсэг ахалж, хууль батлан гаргахад маш сайн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлнэ. Сүүлд байнгын хорооны даргаар ажиллаж энэ парламентын хууль тогтоох ажлуудад Х.Нямбаатар идэвхтэй оролцсон гишүүдийн нэг л дээ. Одоо тэр туршлагатай улс төрч боллоо. Тойрог дээрээ МАН-аас нэр дэвшигчдийг ахалж орох байр суурьтай явж байна. Энэ сонгуулийн ач холбогдол бол дэндүү өндөр. МАНАН дэглэм буцаж сэргэх үү, үгүй юу гэдэг асуудал шийдэгдэнэ. Үүнд хариулт өгнө. Гол том аюул нь энэ байгаа юм. Мэдээж Х.Нямбаатарт том найдлага тавьж байгаа. АН-ын нэр дэвшүүлсэн бүрэлдэхүүнийг харахад хуучин дэглэмээ сэргээх зорилготой байгаа нь харагдаж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйврыг зөвтгөдөг, “яргын хэрэг”, хүн тамлан зовоосон хэргийг зөвтгөдөг, Худалдаа хөгжлийн банкны төлөөний этгээдүүд олноороо нэр дэвшсэн зураг харагдаж байна. Байдал маш ойлгомжтой. МАН ялах юм бол нийгэмд бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах ажлаа цааш хийнэ. Нөгөө тал ялах юм бол МАНАН дэглэм буцаж амьдрах юм. Ийм учраас Х.Нямбаатар гишүүн болон түүнтэй хамт нэр дэвшиж байгаа Б.Жаргалмаа нарыг багаар нь дэмжиж өгөөч гэж би хэлэх гэсэн юм.
-Сонгинохайрханчууд Х.Нямбаатар, Жаргалмаа нарыг багаар нь дэмжихийн ач холбогдол нь юу вэ?
-Би энэ дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн, УИХ-ын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Нэлээд зүйлийг ажиглалаа. Намын дарга, Ерөнхий сайдын төрийн хэрэгт хандаж байгаа хандлагыг харлаа. Дотор нь байж мэдэрлээ. МАНАН дэглэмийг эсэргүүцэж байгаа гишүүдийн байр суурийг ч харлаа. Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн баг цааш явчих юм бол төрд бий болсон аюултай мафизмыг нураах ажил хийгдэнэ гэж харж байгаа. Одоо бол зүгээр л ганхуулж байгаа юм. Толгойнуудыг нь аваад хаячихсан. Үргэлжлэл, эх бие нь үлдчихсэн. Одоо АН-аар дамжиж дахиад мафизм толгойд гарах оролдлого хийгдэж байна. Энэ сонгуулийн ач холбогдол Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нарыг дэмжих цаад утга учир үүнд л байгаа юм. Төрийн, УИХ-ын бүрэлдэхүүнийг зохистой түвшинд хэвээр авч үлдэх явдал бол төр тогтох нэг шалтгаан юм. Хүн нь бүтэн солигдоод байхаар төр тогтдоггүй. Бодлого нь донслоод байдаг. Ийм нарийн ширийн юм бий. Х.Нямбаатар УИХ-д дахин сонгогдсоноор суурьшмал гишүүн болно. Энэ дөрвөн жил ямар ч хүнд, надад ч ялгаагүй суралцах дөрвөн жил байсан. Одоо бол ид ажил хийдэг үе дээрээ ирлээ. Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн хүн цэргийнхээр бол жагсаалд зөв жагсаж явдаг юм. Магадгүй, 2016 онд сонгогдсон залуу гишүүдээс хамгийн түрүүнд алхсан цөөхөн гишүүдийн нэг нь Х.Нямбаатар байх. Төрийн учир начир, намын учир начир, хуулийн учир начир, системийн учир начир, төр дотор бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлын уг шалтгаан, түүний цаад үндсийг тэр мэддэг болсон. Ийм утгаараа туршлага нь дараагийн парламентад хэрэг болох болов уу гэж би бодож байна. Нөгөө талаас одоо түүний үзэл бодол тогтож, төрд зүтгэх үе нь эхэлж байна. Тэгэхээр Сонгинохайрханы иргэд Х.Нямбаатар болон түүнтэй хамт нэр дэвшиж байгаа Б.Жаргалмааг дэмжиж болов уу гэж найдаж байна. Сонгогчид ч төрийн тогтвортой байдал, өмнө нь сонгосон гишүүнийхээ хийсэн бүтээсэн талаар, яагаад түүнийг сонгох хэрэгтэй тухайд тодорхой мэдээлэлтэй болсон гэж би ойлгож байна. Дүүрэг дээрээ их ажилладаг хүн гэж би харсан. Эргэх холбоо тал дээрээ Х.Нямбаатар үүргээ сайн гүйцэтгэж ажилласан.
Ярилцсанд баярлалаа.
УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатарын Сонгууль эрхэлсэн байгууллага