Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр шоронгоос ил захидал бичжээ

Н.Номтойбаяр шоронгоос ил захидал бичжээ

Нямтайшир овогтой Номтойбаяр миний бие Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул Дүүрэгт бие даан нэр дэвшиж, хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн өгсөн бөгөөд улмаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон 81 тоот Тогтоолын дагуу өчигдөр надад нэр дэвшигчийн 587 тоот үнэмлэх олгогдсон байна.

Эрх баригчдын заавар чиглэлийг гүйцэлдүүлсэн, “шударга бусын хонгилын” шүүгчийн хууль бус шийдвэрээр нэр дэвшигчийн үнэмлэхээ өөрийн биеэр гардан авах боломж бүрдсэнгүй ээ.

Иймд Монголынхоо нийт ард иргэд, сонгогч олон түмэн Та бүхэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 461 дүгээр ангийн цагдан хорих тасалгаанаас энэхүү захидлыг бичиж байна.

Хууль бус, бусармаг үйлдлүүдийг нь, төрийн дээд эрх барих байгууллагыг худалдан авдаг улс төрчдийн нүүр царайг нь илчилсний төлөө, удирдлагынхаа эсрэг бодит үнэнийг ил тод дуугарсаны төлөө өнөөдөр энд би хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ард түмэн өөрсдөө төрөө байгуулдаг ардчилсан төрт ёсны тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн өнгөрсөн жилүүдийн түүхэн дэх улс төрийн хэлмэгдэгч болон саатуулагдаад байна.

Миний удам угсаа гурван үеэрээ хэлмэгдлийн хар шуурганд өртсөн ч гэсэн би энэ намын өнгөрсөн түүхийн сайн үйлсийг үргэлжлүүлэх гэж, эх орноо хөгжил цэцэглэлтэд хүргэх гэж, ард түмнээ элбэг дэлбэг сайн сайхан амьдруулах гэж, залуу үеэ эх орон, ирээдүйдээ итгэлтэй болгох гэж Монгол Ардын Намд өөрийн итгэл үнэмшлээрээ элсэж байсан билээ.

Гэтэл МАН-ын зарим удирдлага намайг ард түмний дэмжлэгийг авч, үнэний дуу хоолой болох хүчтэй өрсөлдөгч гэж үзэн намайг цагдан хорих ажиллагааг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Монголын нийгмийн өнөөгийн хөгжлийн түүхийг бичсэн олон сайхан эгэл жирийн намын гишүүдийг би хэзээ ч буруутгахгүй ээ.Гагцхүү намын толгойд байгаа шударга үнэний дүр эсгэгч, монгол төрд олон жил “хувалз” мэт шигдсэн, амьдралдаа “нэг ч амбаар барьж үзээгүй”, “нэг тамхи ч ширхэглэж” үзээгүй мөртлөө тэрбум, тэрбум төгрөгийн хадгаламж, олон давхар байр сууцтай болсон, үнэтэй машин тэрэг хөлөглөсөн, жирийн хөдөлмөрчдийн бүтээсэн өнөөгийн нийгмийн баялагыг өөрсдөө хувааж идсэн, авлигаар албан тушаалд хүрсэн“тэдгээр” нөхдийн эсрэг л би тэмцэх гэж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа билээ.

“Эрүүгийн зохиомол хэргийн зохиол”-ыг бичиж, яллахдаа гаршсан зарим хүмүүсийн эсрэг би өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн, шударга ёс, хууль цаазын үнэн мөнийн дэнс хэрхэн ажиллахыг хүлээн жирийн иргэний хувиар шалгуулж байгаа.

Харамсалтай нь намынхаа эгнээнд байтугай, УИХ-д ч шударга үнэний дуу хоолой байлгахыг хүсэхгүй байгаа МАН-ын одоогийн удирдлага Азийн ардчилалын бэлгэ тэмдэг гэгдсэн Монгол Улсад “шоронгоос” сонгуульд өрсөлддөг шинэ үзэгдлийг бий болгож байна.

Энэ бол зөвхөн миний эрх чөлөөг боомиллоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 127 мянган иргэдийн сонгох эрхэнд халдаж, Монголд ардчиллын үнэт зүйлсийг устгаж, хэлмэгдүүлэлтийн шинэ зохион байгуулалтыг XXI Зууны Монголын хөрсөнд нутагшуулахыг санаархаж байна.

Ард түмэн, сонгогч олон Та бүхэн сонор сэрэмжтэй байж, зөв, мэргэн сонголт хийхийг УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшигч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 461-р ангид цагдан хоригдож буй “улс төрийн хэлмэгдэгч” Нямтайширын Номтойбаяр миний бие уриалж байна.

2020 оны 6-р сарын 02

Улаанбаатар хот

Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа
Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.