2020 оны сонгуулиар залуучуудыг улс төрд оруулж ирнэ гэсэн хүсэмжлэл нийгэмд нэлээд байна. Тэр ч зүй ёсны хүлээлт биз. Гэхдээ хэнийг гэдэг нь маш том босго. Нас залуу хэрнээ хөрөнгө санхүүгийн боломжтой болонгуутаа улс төр рүү хошуурдаг хандлага бий болжээ. Өнөө цагийн зарим залуучууд өөрийгөө улс төрд ороход ийм шалгуур тавьдаг болсон байна. Мэргэжил мэдлэг ёс зүй, дадлага туршалага гээд олон зүйл улс төрд хэрэгтэй.
2020 оны сонгуульд шинэ хүнийг гэсэн уриа дуудлага хүний өөрийнгүй байна. Энэ ч үүднээс шинэ сонголтоор залуу үеийн төлөөлөл улс төрд олноор орж ирэх боломж нэмэгдэж байна. Сайн л хэрэг, дэмжихээс яахав.
Гэхдээ дээр дурдсан шалгуур гэдэг юм чухал. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн эрх чөлөө гэдэг хууль тогтоох байгууллагын босгыг давах шалгуур биш гэдгийг л тодотгох гэсэн юм. Ингэж хэлэх шалтгаан нь энэ жилийн нэр дэвшихээр зорьж байгаа залуучуудын дунд иймэрхүү хандлага ажиглагдаж байгаатай холбоотой.
Ардчилсан намаас нэр дэвшихээр яригдаж байгаа хэд хэдэн залуучууд байна. Тухайлбал, “Нэткапитал”-ын А.Сүндий, “Moneypolo” мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэгч Х.Эрдэнэбаатар, “M-Оil”-ын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, “Од групп”-ийн захирал Ц.Отгонбаатар, болон Төмөрдөшийн Баттулга нарын шинэ нэр дуулдаж байна. Тэд энэ сонгуулиар АН-аас нэр дэвшиж өрсөлдөхөөр зорьж байгаа ажээ.
Тэд нийгэмд төдийлөн танигдаагүй, тэр дундаа улс төрд чанагдах байтугай тогоо руу нь ч өнгийж үзээгүй нялх “Сэнгүм”-үүд. Аймаг, дүүргийн Иргэдийн хуралд ч нэр ус нь дуулдаагүй эдгээр залуучууд шууд л төрийн эрх барих дээд байгууллага руу зүтгэж тэмүүлж байгаа юм байна. Үнэхээр улс төрд ормоор, дурлаад хүсээд байгаа бол эхлээд дүүрэг нийслэлд иргэдээ төлөөлж, улс төрийн амьдралын зах зухаас нь имэрч мэдэрч, гашуун нясууныг нь амтлах хэрэгтэй мэт.
Тэд бизнест амжилттай яваа юм байна.Энэ нь улс төрч болно гэсэн баталгаа нотолгоо, шалгуур биш. Улс төр бизнесээс арай өөр. Болдогсон бол улс төр биенес хоёр тус тусдаа, өөр өөрийнхөө замаар явж баймаар. Хольж хутгалдаад ирэхээрээ л мөнөөх “олигархи” гэсэн зэвүүн илэрхийлэл болж хувирдаг. Гэхдээ сонгох сонгогдох заяамал эрхээ эдлэх нь тэр хүний асуудал. Тэр дундаа залуу үеийн төлөөлөл гэдгээрээ тэд илүү үнэлэмж, илүү давуу талтай.
Дээр нэр дурдагдсан залуучуудын одоо бүгд бизнесийн салбарт хүч сорьж явна. Харин АН-ын сойж буй эдгээр залуучуудыг оюуны бяд, ухааны ур, биеийн хүчээр эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн, өнөө цагийн тэрбумтнууд гэсэн тодотгол дагалдаж явна билээ. Тэдний өнгөрсөн мөр, туулсан замналыг тунгааж харвал хэн нэгнээс хөрөнгө өвлөж авсангүй, улсын төсвөөс “хусах” тийм эрх мэдэл байгаагүй гэдэг нь нотлогдож байвал сайн хэрэг. Ямартай ч амжилтад хүрсэн залуучууд.
Тодруулбал, “Од групп” ХХК-ыг үүсгэн байгуулагч Ц.Отгонбаатар газар тариалан, гурилын үйлдвэрийн чиглэлээр бизнес эрхэлдэг. Тэрбээр “Таванбогд” группийн магнат Ц.Баатарсайханы дүү. Тэр газар тариалангийн үйлдвэрлэлээ дагаж Сэлэнгэд өрсөлдөх бололтой.
Эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт, томоохон тоглогчдын нэг болох "М-Ойл"-ыг амжилттай удирдаж яваа Б.Пунсалмаа гэх залуу эмэгтэй мөн нэр дэвшихээр яригдаж байна. Тэрбээр 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн, 2006 оноос буюу тун залуугаасаа "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Шатахуунаас гадна рестраны бизнес эрхэлдэг, тухайн компани Монголын шилдэг татвар төлөгчдийн нэгээр хэдэнтээ шалгарч байсан гэх үнэлэмж бий.
Бак бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Сүндийг тойрсон сайн саар хэл ам таны чихний хажуугаар өнгөрөөгүй байх. Тиймээс түүнийг тодотгох гээд яахав.
Харин энд Х.Эрдэнэбаатар гэх шинэ нэр бий. Хөвсгөлөөс ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай. Тэр 34 настай ч тэрбумтануудын эгнээнд жагсах болсон нэгэн. “MoneyPolo”-гийн мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа эрхэлдэг. Дэлхийн 136 оронд төлбөр тооцоо хийдэг бөгөөд Монгол Улсдаа доллар, евро, рубль, фунт гэсэн дөрвөн валютаар гүйлгээ хийдэг хэмээн үйл ажиллагаагаа тодотгожээ.
Гэхдээ түүнийг гэнэт баяжсан гэх яриа давамгайлдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр Европын хэд хэдэн баячуудын бохир мөнгийг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөгийн унацтай ажилласан гэлцдэг. Тэр ч бүү хэл 500 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэргээр хууль хяналтын байгууллагад ч шалгагдаж байгаа сураг байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн тэрбээр өнгөрсөн хугацаанд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, тойргоо услаж эхэлсэн.
АН-аас Монголын улс төрд урьж оруулахаар бэлдэж буй зарим залуучуудын талаар өгүүлэхэд иймэрхүү дүр зураг харагдаж байна. Эх орны ирээдүй болсон залуу үеийнхнээ дэмжинэ. Гэхдээ тэдний өнөөг хүртэл явж ирсэн зам мөр цагаан, шударга байх учиртай. Ийм байж л тэд сонгогчдын итгэл хүлээнэ.