АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа.
ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс гэм буруутайд тооцсон байдаг.
Тэгвэл дээрх хэрэгт ХААН банк холбоотой хэмээн үзэж, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ХААН банкны гүйцэтгэх захирлууд болон тус банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох “Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханыг шалгаж байгаа гэнэ. Тэрбээр бусадтай хамтран 20 гаруй тэрбум төгрөгийг тус банкны дансанд байршуулсан гэнэ. Ингэхдээ 18 хоногийн хугацаа хэтрүүлэн алдагдал албаар бий болгосон, алдагдалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байж болзошгүй байгаа аж.
Ц.Баатарсайхан нь ХААН банкны хувьцаа эзэмшигч төдийгүй ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн юм байна. АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбоотойгоор Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр ноцтой олон баримт гарч ирсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байлаа.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН