АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "2020 он гарсаар дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан. Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр сард үнэ буурсантай холбоотойгоор хоёр хоногийн өмнөөс /2020.04.13/ жижиглэнгийн шатахууны үнийг бууруулсан. Манайх ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 хувийг авч байгаа. Үлдсэн 5 хувийг нь Солонгос, Хятад зэрэг улсуудаас авдаг. 2020 нэгдүгээр сард АИ92 бензин литр тутамдаа 1830 төгрөгийн үнэтэй байсан. Харин гуравдугаар сарын хил үнэ АИ92 шатахуун гэхэд литр тутамдаа 58 ам.доллар буурч орж ирсэн. Үүний дагуу шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан. Тэгэхдээ ам.долларын зөрүүг тооцсон.
Тэгвэл 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр дөрөвдүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 192-209 ам.доллараар буурч ирсэн. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлээд улсын хэмжээнд бүх шатахуун түгээх станцууд үнээ буулгаж байгаа. Улаанбаатар хот дахь зарим компаниудын жижиглэнгийн үнийн судалгаанаас харахад, "Сод Монгол" ХХК ", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн А-80 автобензин 270-310, "Шунхлай групп" ХХК, "Сод Монгол" ХХК", "Магнай Трейд", "Петровис" ХХК-ийн Аи-92 автобензин 250-300 төгрөгөөр буурсан. Харин Аи-95 автобензин 180, дизелийн түлш 190-320 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Гадаадын газрын тос олборлогч компаниуд олборлолтын хэмжээгээ бууруулахаар тохиролцоонд хүрч эхэлсэн байна. Ингэснээр газрын тосны үнэ бага зэрэг өсөж, 36 ам.доллар руу очлоо. Цаашид ч олборлолтын хэмжээг бууруулахтай холбоотойгоор өсөж магадгүй гэсэн таамаглалтай байна. Гэхдээ бид ойрын хоёр сардаа шатахууны үнийг тодорхой түвшинд барихаар ажиллаж байгаа" хэмээлээ.
Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Шатахууны үнэ буурсан гэж байна. Гэтэл хотын захын ШТС-ууд үнээ буулгахгүй байна. Нэгдсэн журмаар буулгаагүй юм уу?
-Үнэ буурсан шатахуун орж ирж байгаа. Бүтэн сарын хэрэглээ нэг дор орж ирэхгүй шүү дээ. Галт тэргээр цувж орж ирнэ. Түүнээс гадна, үнэ бууруулах ажлыг механикаар хийнэ. Монгол Улсын хэмжээнд 1300, Улаанбаатар хотод 250 ШТС байгаа. Энэ бүх ШТС-уудад очиж, үнийг нь сольж, үлдэгдлийг шалгаж, зохицуулна. Гэх мэт ажлыг хийхэд 2-3 хоногийн хугацаа шаардагдана. Өглөө авсан мэдээллээр Улаанбаатар хотод байгаа бүх ШТС-ын үнэ буурсан байгаа.
-Шатахуун үнэ хэр хугацаанд хямдарсан чигээрээ байх вэ. Тийм төлөв байна уу?
-Ковид-19-өөс шалтгаалж нефтийн үнэ буурсан. Борлуулалт 30 хувиар буурсан. Бид тавдугаар сард энэ үнэ хадгалагдах байх гэж бодож байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын сүүлчээр биржийн үнэ ямар байх нь уу гэх мэт олон зүйлээс шалтгаална. Бидний хувьд цаашид ч үнийг хямд байлгахад анхаарч ажиллана.
-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 3-4 дахин буурч байхад манай улсад 200-300-хан төгрөгөөр буурч байгааг шүүмжлэх хүн олон байна. Үүнээс илүү буурах боломж байхгүй юм уу?
-Гуравдугаар сарын 10 хавьцаа газрын тосны үнэ 20 хэдэн ам.доллар руу очсон. Тэр үед манайд шатахуун 50 төгрөгөөр буурсан. Одоо 300 төгрөгөөр буурч байна. Манайд шатахууны үнийн бууралт сарын дараа л мэдрэгддэг. Ерөөс шатахуун үйлдвэрлэгдээд хэрэглэгчид очиход 10-15 хоног болдог.