ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: "Дөрөвдүгээр сарын 13-нд буюу өчигдөр үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-ээс гарлаа. Анх эдгэсэн хоёр хүн 14 хоног тусгаарлалтад байж байгаад өөрийнхөө гэрт үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдахаар гарлаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаа шинжилгээ авсан. Сөрөг гарсан. Гэрт нь гарахад бас шинжилгээ авч хянана. Нийт таван хүн эдгэрч гарлаа. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 260 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17, ОХУ-аас ирсэн 149, Дархан-Уулд тусгаарлагдсан 44 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр энэ шинжилгээнээс 13 тохиолдол илэрлээ. Дархан-Уул аймагт нэг тохиолдол байгааг ХӨСҮТ-д тусгаарлан хянах ажилдаа орсон. Бусад нь Улаанбаатар хотод тусгаарлан авчирсан хүмүүсээс 13 тохиолдол гарлаа. Бүгдийг нь нэг нэг өрөөнд тусгаарласан байгаа учраас эмчилгээгээ зөв тактиктай хийх зорилготой байна. Нийт 25 тохиолдлыг одоо эмчилж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдол 30. Эдгэсэн тав байна. Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 31 хүнийг шинжилсэн. Москвагаас ирсэн 31 оюутнуудаас 13 хүнд нь илэрсэн" гэв
Мөн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг танилцуулав.
Тэрбээр "Коронавирусийн халдвар 213 оронд тархаж, 1.9 сая хүн уг халдвараар өвчилсөн. Үүний улмаас 119,686 хүн нас барж, 404,000 хүн эдгэрсэн байна.
Тархалт АНУ, Итали, Иран, Испани, Турк улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Ялангуяа, ОХУ анхаарал татаж байна. Тус улсад 18,386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагт 2,186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барсан. Улан-Үдэд 86 тохиолдол бүртгэгдсэн байгаа.
Эрхүүд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тархалтын эрч суларч байгаагаас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. Тухайлбал, үсчний газрыг тодорхой шаардлагуудыг хангаж ажиллуулахыг зөвшөөрчээ.
ОХУ-д өвчлөл их байгаагаас батлан хамгаалах салбарын эмнэлгийг халдварын үед ашиглах шийдвэр гаргасан. Казахстанд өвчлөл мөн тархаж байна. Алматы, Нур-Султан хотод голомтлон тархаж байна.
Сингапур улсад коронавирусийн халдварын 386 тохиолдол бүртгэгдлээ. Огцом нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах шийдвэрийг иргэд биелүүлээгүйгээс болсон гэж эрдэмтэд үзсэн.
Мөн Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь 14 хоног тусгаарлалтын дэглэм сахиагүйгээс болсон гэж үзсэн бөгөөд тэд шинж тэмдэг илрээгүй иргэд байжээ.
Манай оронд 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнтэй, зөв зүйтэй арга юм. Харин 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй юм.
Сингапурт бүх хүн оршин суугаа газартаа байрлаж, гарахгүй байх, зай барихыг шаардаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ" хэмээн мэдээллээ.