МОНГОЛЫН ҮР ТАРИА ЭРХЛЭГЧДИЙН ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООНД
Шаардлагын хариу хүргүүлэх тухай
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ нь, 2020 оны 03-р сарын 04-ний өдөр ХХААХҮ-ийн яамны тодорхой үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, албан бичиг бүхий шаардлага ирүүлсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй зохиомол мэдээлэл, илт худал гүтгэлэг байгааг албан ёсоор мэдэгдэж дараах няцаалтыг өгч байна.
Шаардлага 1. Стратегийн хүнс, МУ-ын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон улаан буудайг тендер нэрээр гадаадаас өндөр үнэтэй худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хууль бус ажиллагаа зогсоох:
Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.7-д “Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно”, 6.8-д “Хүнсний асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно” гэж хуульчилсан байна.
Засгийн газар 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмын дагуу ХХААХҮ-ийн яам стратегийн хүнсний экспорт, импортын нэр төрөл, тоо хэмжээг тогтоосон зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан экспортлогч, импортлогчдод олгож байна.
Сонгон шалгаруулалтад оролцож импортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагад нийцсэн улаанбуудайг холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтан доор импортолдог журамтай. ХХААХҮЯам татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдан авах тендер зарлаагүй болно.
Шаардлага 2. 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128 000 000 000 ( нэг зуун хорин найман тэрбум) төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160.000 тн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй улаан буудай худалдан авах СХЭИЗОСШ- 20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгох.
СХЭИЗОСШ- 20200221 дугаартай тендер гэдэг нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс тогтоосон тоо хэмжээг импортлогч аж ахуй нэгжүүдэд хуваарилах сонгон шалгаруулалт юм. Үүнд улсын төсвийн хөрөнгө болон татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдаж авах, тэр тусмаа санхүүжилтийн тоо хэмжээг тодорхойлон заагаагүй, 128 тэрбум гэж огт дурдагдаагүй болохыг ХХААХҮЯамны албан ёсны вэбсайтад тавигдсан мэдээллээс харж болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд зарласан, вирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөлөл ямар байхыг урьдчилан төсөөлөх боломжгүй байгааг харгалзан хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, стратегийн нөөц бүрдүүлэх, ариутгагч бодис үйлдвэрлэх түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, гурилын үйлдвэрүүдийн санал хүсэлтийг үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2020 онд нийтдээ 160 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай гэж шийдвэрлэсэн болно.
ХХААХҮ-ийн яам “Мэдээллийн ил тод байдлын ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” болон бусад хууль, дүрэм, журмуудын дагуу салбарын бүхий л ажил үйлчилгээг иргэдэд яамны цахим хуудас, холбогдох мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэж, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Бодит байдал ийм учраас илт худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тарааж, төрийн бодлого, салбар яамны үйл ажиллагааг мушгин гуйвуулж, ард иргэдийг төөрөгдүүлэн бухимдуулсан энэхүү хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах болно.
“...Тариаланчид бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно...” гэж мэдэгдэж байгаа нь коронавирусийн халдварын тархалтын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр албан үүргээ хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн байгууллага, төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөхийг оролдсон хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна.
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ