Өнөөдөр Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл мэдээлэл өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэдийн нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд нийт 96480 төгрөг олгохоор болсон байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хуралдаанаас тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа.
Тус компани 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Өнөөдөр анх удаа хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байна.
Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ удаагийнх бол бэлэн мөнгө тараалт биш. Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсныг бүтээн байгуулалтын ажилд үүнийг зарцуулах байсан.
Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн.
Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төргөг төвлөрүүлсэн. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа.
Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны үед төлөвлөж байгаа. Тус хуралд өнөөдрийн ТУЗ-ийн хурлыг шийдвэрийг танилцуулснаар ногдол ашиг хуваарилах эрх нээгдэнэ. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ.
Энэ үйл явдалтай холбоотойгоор нийгэмд маш олон мэдээлэл цацагдаж эхэлнэ. Тиймээс албан бус хаягнаас мэдээлэл битгий аваарай. “1,072” нэг цонхны мэдээллийг өнөөдрөөс ажиллуулж байгаа. Мөн 1800 1072 гэдэг дугаараас иргэд мэдээлэл авч болно. Манай албан ёсны пэйж хаягуудаас мэдээлэл авах боломжтой.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгох юм байна.