Бүгд Найрамдах Хятад Ард Улсад коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр дараах асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүнд:
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсан.
2. БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчийн тогтмол болон тогтмол бус тээврийг түр хугацаагаар зогсоосон.
Дээрх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс зорчигч урсгал нэмэгдэж байгаа хот хоорондын зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн /2020.01.27/ 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.
Зорчигчид та бүхэн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж зорчоорой.
Жич: Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан болно.