Хүн ам, орон сууцны ээлжит тооллого болох гэж байгаатай холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.
-Хүн амын тооллого 10 жил тутамд нэг удаа явагддаг. Энэ удаагийн тооллогын онцлог нь юу байх бол. Яг хэдийд эхлэх вэ?
-Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой юм. Тиймээс Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого ерөнхийдөө эхэлсэн гэж үзэж болно. Учир нь Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн сан болон бусад төрийн мэдээллийн сантай тулгалт, баяжилт хийх ажил хийгдэж байгаа.
Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-ний 08:00 цагт эхэлнэ.
Тооллого болон аливаа статистик мэдээлэл өөрийн гэсэн цаг хугацааны тасалбартай. Энэ тасалбарыг тооллогын хувьд тов гэж нэрлэдэг. Товыг нэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаар товлоод, 9-ний өглөөнөөс эхлүүлж байгаа. Үүнийг УИХ-аас хоёр жилийн өмнө тогтоодог.
Монгол Улсын хүн амын тооллогыг Ерөнхий сайд удирддаг. Тооллого долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.
-Энэ удаагийн тооллогын аргыг дэлгэрэнгүй тайлбарлаач, тооллогын үр дүн хэзээ гарах вэ?
-Нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 00:00 цагаар Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн санг хуулбарлан хадгалж бусад төрийн мэдээллийн сангуудтай уялдуулснаар тооллогын мэдээллийн санг бүрдүүлнэ. Улмаар маргааш өглөөнийх нь 08:00 цагаас эхлэн манай бэлтгэгдсэн тоологчид нийт хүн амын 10 хувийг тоолохын тулд энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон айлаар орж цаасаар мэдээлэл цуглуулна.
Мэдээлэл боловсруулалтын хугацаа таваас зургаан cap үргэлжилдэг. Авчирсан мэдээллээ шивнэ, нэгтгэнэ, хянана гээд багагүй цаг хугацаа шаарддаг. Хүмүүс тооллогыг зүгээр л нэг тоолоод өнгөрөх мэт ойлгодог. Угтаа хүн амын тооллого нийгэм, эдийн засгийн цогц судалгаа байдаг.
Төрөөс хэрэгжүүлсэн бодлого иргэдэд хэр зэрэг хүрсэн бэ гэдгийг ч харж болдог. Тухайлбал, монгол хүн амьдралын ямар хэв маягтай, ам бүл хэдүүлээ, ямар сууцанд сууж байгаа эсэх, цахилгаантай, ундны усны ариун цэвэр нь хангагдаж байгаа юу, боловсролын түвшин, шашин шүтлэг нь юу болох зэрэг бүх мэдээллийг цогцоор нь гаргаж ирдэг. Энэ ч утгаараа өнөөдөр дэлхий нийтэд мэдэгдэж байгаа хамгийн цогц судалгаа юм.
-Хүн амын 10 хувиа уламжлалт аргаараа тоолоход нийт дүр зураг нь харагдах нь ээ гэж ойлгож болох уу?
-Ойлгож болно. Гэхдээ үндсэн суурь мэдээллээ Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас эхлээд авна. Дараа нь энгийн санамсаргүй түүврээр сонгогдсон арван хувиа тоолохдоо бусдад ил байхааргүй хувь хүний нууцтай холбоотой зарим мэдээллийг дэлгэрэнгүй асууж гаргана.
Ер нь бол Хүн ам, өрхийн мэдээллийн санг 1972 оноос хойш Баг, хорооны Засаг дарга нар хөтөлж байгаа. Энэ сан нь анхан шатанд бүртгэгдэж буй хүн ам, өрхийн талаарх нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг.
-Нийт хэчнээн иргэн тоологдох вэ?
-3.3 сая орчим хүн тоологдоно.
-Гадаадад байгаа монголчуудаа хэрхэн тоолох вэ?
-Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаа. Тиймээс гадаадад суугаа иргэдийг суурь бүртгэл болон Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолно. Дээрээс нь айлуудаар орохдоо ч гадаадад амьдарч буй хүмүүсийнх нь мэдээллийг авах юм.
-2010 оны тооллогоор ямархуу дүр зураг гарч байв?
-2010 онд Монгол Улс хоёр сая 756 мянга 685 хүн тоолсон. Тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 4.7 хувь нь гадаадад амьдарч байсан.
Улаанбаатар дахь хашаа, сууцанд суудаг амьдардаг иргэдийн тоо нэмэгдэж, 320 гаруй мянган өрх нийслэлд бий болчихсон байсан. Эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч, цахилгаанд холбогдсон байдал нь нэмэгдсэн байв. Өрхийн сууцны нөхцөл байдал сайжрах магадлалтай байсан. Энэ удаагийн тооллого дээр бүр илүү сайжирсан байх болов уу.
Учир нь сүүлийн 10 жилд 40 мянган айлын орон сууц гэх мэтээр орон сууцтай холбоотой томоохон төслүүд хэрэгжлээ шүү дээ. Аймгийн төвүүд дээр ч орон сууцууд баригдаж эхэлсэн. Өмнө нь 90 орчим хувь нь буддын шашинтай байсан бол 2010 онд христийн шашны урсгал өргөн тархсан нь ажиглагдаж байлаа.
Мөн өмнөх тооллогоор 1969 оноос хойш хийгдээгүй байшин орон сууцны фондын тооллогыг хийсэн. Одоо энэхүү хоёр тооллогын дүнг нийлүүлээд Монгол Улсын нийт хүн ам хэчнээн ам метр орон сууцанд суудаг болох, цаашид хэчнээн хэмжээний орон сууц хаана хэрэгцээтэй вэ гэдгийг гаргах ёстой.
Хүн амын тооллого хийж дараагийн 30 жилд Монгол Улсын хүн ам хэд болох вэ гэдгийг ч нягталдаг. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогод үндэслэн хэтийн тооцоогоор Монгол улсын хүн ам 2031, 2032 онд дөрвөн сая, төрөлтийн чиг хандлага хэвээр хадгалагдсан тохиолдолд 2045 онд таван сая хүн амтай болох тооцоо гарсан.
ҮСХ-ноос Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцно.
-Хүн амын тооллогод иргэдийн зүгээс ямар оролцоотой байх вэ?
-Тоологч нар энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхөд нэгдүгээр сарын 9-ний 8:00 цагаас эхлээд долоо хоногийн хугацаанд уламжлалт арга буюу цаасан асуулгаар тооллогын мэдээллийг цуглуулна. Иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, үнэн зөв мэдээллээ өгөхөд л тооллогод оруулж буй томоохон хувь нэмэр юм.
-Хүн ам, орон сууцны тооллого явуулахад хэр хэмжээний зардал гарахаар байгаа вэ?
-Бүртгэл, уламжлалт тооллого хоёрыг хослуулсан нь Монгол Улсын бүртгэлийн систем харьцангуй сайжирсныг илтгэж байгаа. Тиймдээ ч бид нүсэр зардал гаргахгүйгээр бүртгэл, уламжлалтаа хослуулан тооллогоо явуулна.
Шаардагдах байсан төсвөөс дөрөв дахин бага төсвөөр хийнэ. Дэлхий нийтийн чиг хандлага нь бүртгэлд суурилсан цахим хэлбэрт шилжиж байна. Бидний хувьд ч энэ чиглэл рүү зорьж байгаа. Энэ удаагийн хосолмол тооллогын нэг хэсэг болох уламжлалт буюу цаасаар асуух хэлбэр нь сүүлийн удаа ч байж мэднэ.