УИХ-ын Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компанитай холбогдсон хэрэг, маргаан ер тасрахгүй юм. Уул уурхайн чиглэлээр зонхилж ажилладаг энэ компанийнхны байгаль орчинд учруулсан хохирол, ухаад хаячихсан баахан огорхой нүхүүдийг хэвлэлийнхэн бараг нэгбүрчлэн тоочиж бичсээр ирлээ. Мөн газрын наймаа болон шүүх дээр хийсэн элдэв маргааных нь талаар ч нэлээд асуудлыг хөндөж байв.
Харин Ц.Гарамжав гишүүн тэр болгоныг үл тоож, заримдаа хэдэн бор сэтгүүлчид рүү “агсарч”, “Та нар хүн гүтгэлээ” хэмээн “азаргалж” байснаа төдхөн чимээ аниргүй болно. Жишээлэхэд, 2016 оны сонгуулийн дараагаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 13 дугаар хороолол дахь компанийнхаа оффисын барилгын ойролцоо “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн нэр дээр байсан 1240 мкв газар руу хүч түрэн орж, барилгын сууриа цутгаж эхэлснээс болоод бөөн хэл ам хэрүүл маргаан үүссэн юм. “Монполимет” компанийг одоо удирдаж буй түүний охин Н.Мөнхнасан нь “Отгонтэнгэр Ирээдүй” компанийн захирал Б.Ганбаяртай яриад энэ газрыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэснээ удалгүй амлалтаасаа ухарч, “Б.Ганбаяр намайг маш их мөнгө өг гэж дарамталсан” гээд цагдаад гомдол гарган шалгуулж үзэв. Цагдаагийхан харин сүүлдээ маргааны учрыг олов бололтой Б.Ганбаярт нь хэрэг үүсгэхээс татгалзжээ. Тэгээд сүүлдээ Н.Мөнхнасан нь Б.Ганбаярт “Газрыг чинь 500 сая төгрөгөөр худалдаж авъя” гэсэн байна. Үүнийг нь Б.Ганбаяр бас зөвшөөрсөнгүй. Тэгээд удалгүй тэд шүүх дээр уулзах болжээ. Гэтэл энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянгын даргалж хийлгэсэн шүүх хуралдаанаас уг газрын маргааныг “Монполимет” компанийн талд шийдэж орхиж. Газар өмчлөх, эзэмших, ашиглах бүх маргаан Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгддэг байтал ийнхүү Иргэний хэргийн маргаан мэтээр авч үзсэн нь тун гайхалтай.
“Монполимет” компанийн эзэн Ц.Гарамжав саяхнаас “Намайг гүтэгсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн дээр дооргүй самнаж өгсөн юм. Энэ нь хэдэн жилийн өмнөөс шуугиан тарьсан түүний Монгол банкинд төлөх 10 гаруй тэрбумын төлбөртэй холбоотой асуудал байлаа. “Монполимет” компани нь Монгол банктай 2001-2007 онд алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх нэрийн дор гэрээ байгуулан их хэмжээний мөнгө авсан юмсанж. Гэвч гэрээт үүргээ биелүүлээгүй тул 10.615.924.551 төгрөгийн хохирол учирч, маргаан үүссэн байна. Ингээд Ц.Гарамжав бас л “азаргалж” өр төлбөрөө төлөхгүй гүрийж явсаар шүүх дээр очжээ. Шүүх нь мөн л Иргэний хэргийн шүүх байлаа.
Монгол банк ч шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгөв. Тэдний хэрэг маргааныг шүүн хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх харин Монгол банкыг үл тоож, Ц.Гарамжавын талд шийджээ. Тодруулбал, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Б.Сайханцэцэгийн даргалсан шүүх хуралдаанаас “...“Монполимет” ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулах “Монгол банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гээд энэхүү үлгэр дууссан байлаа. Монгол банк нь сүүлдээ давж заалдалгүй хаясан бололтой юм. Бололтой ч гэж дээ, ерөөсөө иймэрхүү “Тоглолт”-ын тохироогоо эртнээс хийчихсэн байхыг үгүйсгэх аргагүй л дээ.
Харин дараагийн жил буюу 2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монгол банкны 2012-2016 оны мөнгөн гүйлгээ, алдагдлын талаар шалгах явцдаа дээрх 10 тэрбумын асуудлыг ил болгосон байна. Өөрөөр хэлбэл, манайхны зарим улс төрчдийн ярьдагаар “Хонгилын шүүх” нь Ц.Гарамжаваас авах ёстой байсан Монгол банкны тэрхүү өр авлагыг “Тас чавчаад” хаячихсанд дургүйцэхдээ хэвлэлийнхэнд “сэм шивнэж” шуугиан тарьсан юм билээ. Гэтэл одоо болохоор “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх юм уу, эсвэл “шүүх нь тэртэй тэргүй шийдчихсэн юм чинь яахав дээ” гэсэншүү юм яриад дээдчүүд ер тоох янзгүй байгаа ажээ. Ц.Гарамжавын дэглэсэн “тоглолтууд” ерөнхийдөө нэг иймэрхүү л байна даа.
О.Баяр
Шуурхай.мн