Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон Ерөнхий сайд хил даван харийг зорьжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон Ерөнхий сайд хил даван харийг зорьжээ

СУРАГ АЛДАРСАН ХЭРЭГ

-Д.Эрдэнэбатыг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэв үү-

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын талаас “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан. Улмаар уг хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсоноос гадна тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдын алба хашиж байсан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар ажиллаж асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Золжаргал зэрэг хүнийг буруутгасан байдаг.

Хэрэгт холбогдсон 10 гаруй хүний гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган, НПГ-т шилжүүлсэн тухай бид өнгөрсөн долдугаар сард мэдээлсэн. Гэвч Үндэсний их баяр наадмын дараахан прокурор нэмэлт ажиллагаа хийх даалгавар бичин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан юм. Нийтдээ 160 гаруй хавтас болсон уг хэргийг прокурор тэр богино хугацаанд гүйцэд уншиж, танилцсан, эсэх нь эргэлзээтэй. Тийм байтал нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон нь магадгүй яллагдагч нарт ашигтайгаар, цаг хугацаа хожих, эрх баригчидтай тохиролцоо хийх гэсэн оролдлого байх гэсэн хардлага олон нийтийн дунд байна.

Энэ хэргийн гол зохион байгуулагч хэмээн яллагдагчаар тооцогдсон, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж, хилийн хоригийг нь цуцлан, хувийн баталгаа гэх бичиг бичүүлж аваад гадаадад эмчилгээнд явах зөвшөөрөл олгосон билээ. Тэрбээр эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад эх орондоо ирээд буй гэнэ. Түүнийг хилийн чанадаас ирэх үед нь дахиад хориг тавиулахаар хэргийг шалгаж, хянаж буй мөрдөгч, прокурор нь уржигдар шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих асуудал хариуцаж буй шүүгч Д.Ренченхорол хянаад хууль сахиулагчдын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. ҮАБЗ-ийн гурван гишүүн хуулиас дээгүүр “жаалдаг” шүүгчдэд хариуцлага тооцох тухай хууль, зөвлөмж гаргаад ч байдал дээрдсэнгүй.

Ийнхүү нэг нь хууль сахиулагч, шүүхийнхнээр “тоглож” байх хооронд энэ хэрэгт яллагдагчаар тооцогдсон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилээр гарч явсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр БНСУ-ыг зорьсон юм байна. Түүний хувьд УИХ-аас илүү эрх эдэлж, Оросын талын 49 хувийг улсын өмчид худалдаж авах саналаас татгалзсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэн яллагдагчаар тооцсон. Тодруулбал, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан нь холбогдох бичиг баримтуудаар тодорхой болсон. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн билээ. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Харин Ч.Сайханбилэг нэг нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөхдөө “Цаг хугацааны хайчинд орсон. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн, УИХ-д танилцуулах боломж байгаагүй” гэсэн байдаг. Харин шалгалтын явцад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдах тухай санал нэлээд эрт буюу 2016 оны гуравдугаар сарын 29-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг давуу эрхээсээ татгалзаж, “Ти Ди Би капитал” компанид худалдахыг Монголын тал эсэргүүцэхгүй тухай бичиг төлөвлүүлж, 2016 оны гуравдугаар сарын 30-ны 13 дугаартай албан бичиг орос хэлээр үйлдэн мэдэгджээ.

Үүнээс гадна ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг эцсийн шийдвэр гараагүй байхад буюу “Монголын зэс” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Уг 5.02 сая ам.долларыг манай талаас төлөх төлбөрт тооцсон баримт бий аж. “Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компани 2016 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуутаа “Монголын зэс” ХХК-д дамжуулан зээлдсэний зэрэгцээ зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрүүгүй нэг ижил загвараар үйлдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгожээ. Ингэхдээ Банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг зөрчсөн нь мөрдөн байцаалтаар тодорхой болсон. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдан авах төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая ам.доллар буюу 781.3 тэрбум төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр ОХУ-ын талд шилжүүлсэн нь ч баримтаар батлагдсан. Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлж, 400.27 сая ам.доллараас илүү үнээр бусад хуулийн этгээдэд худалдан борлуулах боломж байсан нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахгүй гэснээр нийт 1.9 тэрбум буюу 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашгаас татгалзсан гэсэн үг. 2019 оны тавдугаар сарын 1-ний байдлаар үлдэж буй зэс, молибдений нөөцийг ашиглахад Монгол Улсад нийтдээ 41.2 тэрбум ам.долларын орлого олж, 27.3 тэрбумын зарлага гарган, 13.9 тэрбум “ногоон”-ы ашиг олох байсан юм билээ.

Уг хэрэгт Аж үйлдвэрийн сайд асан, өнөөгийн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох саналаа мөрдөгчид прокурорт хүргүүлсэн ч амжилт олоогүй. Уг нь Д.Эрдэнэбат энэ асуудлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлсэн бөгөөд түүнгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс” хууль бусаар худалдан авсан гэх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тухай эх сурвалжууд хэлж байна. Хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт Ч.Сайханбилэг болон “Монголын зэс”-ийн удирдлагын хамжигчаар оролцсон гэж буруутгах саналаа НПГ-т хүргүүлж байсан юм.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Р.ЗОРИГТБААТАР: УУЛ УУРХАЙН САЛБАР НЭГ САР БАЙТУГАЙ НЭГ ЦАГ ЗОГСОХ ЭРХГҮЙ
Р.ЗОРИГТБААТАР: УУЛ УУРХАЙН САЛБАР НЭГ САР БАЙТУГАЙ НЭГ ЦАГ ЗОГСОХ ЭРХГҮЙ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.