Болсон үйл явдлыг шүүхийн шийдвэрт авагдсан баримтын дагуу товчлон сийрүүлбээс: Анх 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын “Шийдлийн цаг” хэмээх хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “дуусаагүй барилга” нэрээр одоогийн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” хэмээх төслийн хүрээнд хувь хүнд өгөхийг үүрэгдсэн байдаг. Энэ хувь хүн нь “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийг санаачлагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж. Тухайн үед “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар боллоо…” гэсэн мэдээлэл баахан цацагдсан нь цахим орчинд өнөөдөр ч хадгалагдан үлдсэн байгаа. Хүмүүс итгэх хэмжээнд. Гэвч энэ нь халхавч төдий байсныг шүүхийн баримт нотолдог. Улсын ууган эмнэлгийн нэр төрийг удирдлагын багийн хэдэн шуналтан овжин ашиглаж, “Жигүүр эмнэлэг” гэдэг нэр томьёо гарган төсвийн буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг авсан байдаг. Зүй нь, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ч төрийн эмнэлэг “жигүүр”-тэй байх тухай зохицуулалт хэрхэвч байхгүй.
2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төсөлтэй танилцаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын байгуулсан компанитай концессын гэрээ түр хугацаагаар байгуулах үүрэг өгчээ. Энэ бүхэн хожим эцэс төгсгөлгүй шүүхийн маргааны сэдэв болсон юм. /http://new.shuukh.mn/zahirgaaanhan/4190/view/ Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нарт үүрэг өгөх байдлаар шийдвэрээ гаргасан ч арай нэг хүнтэй компани байгуулаад энэ эмнэлгийг хувьдаа ав гээгүй байлтай? Засгийн газар үүрэг болгосон гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, орлогч дарга Ш.Далайжаргал нар цамнаж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөл гэх хэдхэн хүн байлцуулан 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр шуурхай хуралдаж “Юниверсити хоспиталь” нэртэй аж ахуйн нэгж байгуулжээ.
Ингэхдээ хөрөнгө оруулагч олж, түүнд шууд шилжүүлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах шийдвэр гаргажээ. Товчдоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэдэн дарга тойрон хүрээлэгчдийнхээ хамт төрийн өмчийн эмнэлгээр хувийн компани байгуулж, 25-30 жил ажиллуулаад буцаагаад улсад өгөх тухай үлгэр зохиосон хэрэг. “Юниверсити хоспиталь” ХХК-ийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр байгуулжээ. Б.Бямбадоржийн “гар, хөл” бологч Д.Баярсайханы “Юниверсити хоспиталь” ХХК “жигүүр” эмнэлгийг 260 ортой нэгдсэн эмнэлэг болгож ажиллуулах концессын гэрээр 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газартай хийсэн байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын байгуулсан “Юниверсити хоспиталь” ХХК Засгийн газартай гэрээ байгуулснаасаа хойш ганцхан сарын дараа бүх хувцаагаа иргэн Х.А-д зарсан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бааз суурь, хүний нөөц, технологи, менежемэнт, Ноу-Хауг түшиглэн “Нэг жигүүр-Хоёр эмнэлэг” бий болгон хөгжүүлэх тухай үлгэр ийнхүү үнсэн товрого болжээ.
Гэхдээ Б.Бямбадорж нарын үлгэр үргэлжилнэ. 2015 оны есдүгээр сарын 1-нд хувьцааг бүрэн худалдсан атлаа дахиад л сарын дараа буюу аравдугаар сарын 01-нд эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахаар Эрүүл мэндийн яаманд ханджээ. Яамны тусгай зөвшөөрөл ч саадгүй гарч. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийн дагуу “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийн нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон байгаа юм. Уг нь хувьцаагаа зарчихсан “Юниверсити хоспиталь” ХХК буюу Б.Бямбадоржийнхонд тусгай зөвшөөрлийн хэрэг баймгүй юм. Үүнд л шунамын сэдэлтэй, залилангийн энэ үйлдлийн цаад үнэн нуугдаж байгааг хэн ч ойлгоно. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хэсэг бүлэг хүн хувьдаа завших санаархалтай байсан нь ч харагдана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж өмгөөлөгч хөлслөн шүүх хуралд өөрийн биеэр орж, “Юниверсити хоспиталь” ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдох ёстой гэж улалзан тэмцэлдэж заргалдаж эхэлжээ. Уг нь энэ ХХК-г Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр байгуулсан, дараа нь бүх хувьцааг нь бусдад зарсан байхад яагаад Б.Бямбадорж “Юниверсити хоспиталь” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл өгөхөгүй байна хэмээн сандчиж мэгдэн Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх болов?
Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирсэн албан бичиг, Засгийн газрын тогтоол болон концессийн гэрээр үндэслэн Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “жигүүр” эмнэлэгт нэг жилинй хугацаатай тусгай зөвшөөрөл олгожээ. Гэвч Б.Бямбадоржид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “жигүүр” эмнэлэгт тусгай эрх авах бус хувьцааг нь зарсан “хувийн” “Юниверсити хоспиталь” ХХК-ийнхаа нэр дээр тусгай зөвшөөрөл авах ёстой байж. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг буюу өнөө мөн дуусаагүй барилгыг хувийн болгосон этгээдүүдэд эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх ашиг сонирхол нь чагтлагдсан тул тийнхүү яамтайгаа заргалдаж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй заргалдаж байх явцдаа “жигүүр” эмнэлэг ажиллаж буй мэтээр өнгөлөн далдлалт хийж, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү хэсэг өвчтөн, үйлчлүүлэгч автобусаар түр хугацаанд зөөж ч үзсэн байдаг. Нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа нь тэр.
Харин “жигүүүр” эмнэлэг байгуулах хуурамч үлгэрийг гурван шатны шүүх эцэс болгосон. Монгол Улсын шүүх “…төрийн өмчийг эмнэлгийг хэсэг бүлэг хүн хувьтдаа зщүгээр авч ашиглаж болохгүй. Эрүүл мэндийн яам “Юниверсити хоспиталь” ХХК-д биш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “жигүүр” эмнэлэгт нэг жилийн хугацаатай тусггай үөвшөөрөл олгосон нь хуульзүйн үндэслэлтэй байна…” хэмээн тогтоожээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тухайн үеийн удирдлага төрийн өмчийн эмнэлгийг хувьцаа болгон хувь хүнд борлуулсны дээр нэгэнт бусдад шилжсэн эмнэлгийн өмнөөс тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж, улмаар шүүхэд зарга үүсгэх хүртлээ улайрсан энэхүү баргимтыг хууль хяналтын байгуулага харааныхаа хажуугаар өнгөрөөж боломгүй. Азаар Б.Бямбадоржийн хомхой санаа талаар болж, анхны зориулалтаар нь Төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газар 2016 оны наймдугаар сард гаргаж, Хуульзүйн яамны харъяанд буцаан шилжүүлсэн юм.
Төрийн, төсвийн хөрөнгөнд санаархагчдын талаарх эрэн сурвалжлага ингээд зогсохгүй. Амташсан Б.Бямбадорж Ш.Далайжаргалтай нийлэн ясны чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж 2013 онд авахдаа төсвөөс 4.1 тэрбум төгрөг гаргуулан худалдан авалт хийсэн тухай нийтэлнэ. Ямар ч тендэргүй, бүр асуудал хариуцсан яам нь мэдээгүй худалдан авалт болсон байдгийг тухайн үеийн салбарын сайд нь сонсоод “Энэ тухай сонссон, мэдсэн хүн байна уу та минь ээ…” гэж гайхширч байжээ. Сайдын уулга алдсанчлан тэр техник төхөөрөмжийн тайлан, мэдээлэл, бүртгэл хаана ч байдаггүй гэхээр бүх зүйл ойлгомжтой биз дээ?
Г.Алтан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин