УИХ-ын гишүүн Х. Баделхан Барилга, хот байгуулалтын Сайд болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Хотын өмхийтэй тэмцэх, ипотекийн зээлийг хөдөлгөх гээд олон олон бодлогын асуудлыг шийдэх нь Таны хүлээсэн үүрэг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүтсэн зүйлс, гарт баригдаж нүдэнд харагдах шийдэл, үр дүн харагдахгүй л байна.
Зарим нэг нь дөнгөн данган эхлэл төдий л байна. Хийсэн зүйл гэвэл барилгын салбарын амин сүнс болсон сургалт, тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага нэртэй баян компаниудын нэгдэл “Монголын барилгын үндэсний ассоциаци” хэмээх ТББ-д өгсөн. Энэ нь хүнд суртал, хүлээгдэл, авлигыг арилгах боломж олгоно гэж үзсэн бөгөөд агуулгын хувьд зөв шийдвэр байсан гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Нөгөө нэг талдаа олон улсын жишиг ирээдүйгээ харсан шийдэл болсон.
Гэвч Х. Баделхан сайд төрийн нэрийн өмнөөс бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци” хэмээх хөрөнгө санхүүгээр бийлэгжүү энэ ТББ-даа толгойгоо мэдүүлээд удаж байна. Тус ассоциацийнханы хувьд гар бариад бугуй барина гэгч болж, энэ янзаараа бол даварсаар даварсаар Дагвын оронд гэгч болох янзтай.
Тодруулбал, "Монголын Барилгын үндэсний ассоциаци" ТББ ерөнхийлөгч Д. Цэрэнжигмэд, Гүйцэтгэх захирал Л. Хулан нар тусгай зөвшөөрөл олгох төрийн ажлыг төрийн өмнөөс хийж буйгаа мартан өөрсдийн өмч, эрх мэдлийн асуудал мэтээр ханддаг болсныг ярих хүн цөөн биш болжээ.
Тусгай зөвшөөрөл олгох нэг цэгийн төвлөрсөн цэг Барилгын хөгжлийн төвд байрладаг. Хотын төв хэсэгтээ, ойр дөт, иргэд орж гардаг, сайн мэддэг. Гэтэл Монголын Барилгын үндэсний ассоциацийнхан тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний төвөөс салган нүүлгэхээр зорьж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл энэ төвийг тэд өөрсдийн дэргэдээ байлгахаар ажиллаж байна.
Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний нэгдсэн төв нь барилгачид, барилгын аж ахуйн нэгжүүд бүхий л асуудлаа шийддэг төрийн үйлчилгээгээ авдаг нэгдсэн төв. Энд тусгай зөвшөөрөл ч багтана. Гэтэл одоо тус төвийг "Монголын Барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын өмч болгон салгах гэж байгаа нь энэ. Энэ нь барилгачид байтугай тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэх олон хүнийг төөрөгдүүлсэн, нааш цааш холхиулсан, төвөг чирэгдэл учруулсан шийдвэр болох гэж байна.
Ингэж нэг Төрийн бус байгууллагын толгойг илж, үйлчилгээний дэвшил шуурхай байдлыг алдагдуулж, сахил хүртээд шал дордов гэдэг шиг юм болох гээд байгааг сайд Та эрхбиш анзаарч байгаа гэж найдъя.
Х. Баделхан сайд та өмнөх бодлогын асуудлуудаа шийдэж бидэнд тус болдоггүй юмаа гэхэд битгий гай болооч.