Монгол төрийн хуулийн бодлого алдагдаж, сүүлийн үед хар тамхины хэрэг хяналтнаас гарч буй талаар манай сайт урьд нь мэдээлж байсан билээ. Гачлантай нь өнөөгийн эрх баригчид ийм төрлийн гэмт хэрэгт оноох ялыг хөнгөрүүлсэн Эрүүгийн хуулиндаа олигтой өөрчлөлт хийх хүсэлгүй байх шиг байна. Гэтэл энэ оны эхний таван сард гадаад орнууд, тэр дундаас голцуу Европын орнуудаас хар тамхийг Монгол руу гурван ч удаа шуудангаар илгээсэн байв. Мөн саяхан Монголын хоёр дипломат ажилтан 70 кг героины төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг Германы цагдаагийн ажилтнууд илрүүлж баривчилсан тухай мэдээлэл тус улсын хэвлэлээр цацагдаж дэлхийгээр нэг дуулиан тариад байна. Манай Гадаад харилцааны яамныхан үүнийг хүлээн зөвшөөрч “Тийм явдал болсон нь үнэн. Тун харамсалтай” гэх маягаар тайлбар хийхдээ харин өнөөх хар тамхи тээвэрлэж явсан дипломат ажилтнуудынхаа нэрийг тас нууж, иргэдийнхээ мэдэх эрхийг хясаж боогдуулан, оньсого таавар таалгах маягийн юм болгож орхив.
Хар тамхины хэргээр саатуулагдсан дипломат хоёр ажилтан одоо Германы Дрезден хотын шоронд байгаа аж. Тэд Турк улс дахь Элчин сайдын яамныхаа машинаар хар тамхиа тээвэрлэн Германы нутагт орж баригдсан учраас тус улсын хуулиар шийтгэгдэж таарна. Тэдний ачсан хар тамхийг Германы Берлин хотод тосож авах хүмүүс нь хүлээж байсан бололтой. Өөрөөр хэлбэл, хоёр Монгол эрийн тээвэрлэж явсан 70 кг хар тамхины цаана ийм төрлийн гэмт хэргийн томоохон сүлжээ ажиллаж байсан нь ойлгомжтой юм. Магадгүй, Монгол руу шуудангийн илгээмжээр Европын орнуудаас хар тамхи илгээдэг бүлэглэлд элссэн дипломат ажилтнууд тийнхүү баривчлагдсан ч байж мэднэ. Ер нь хар тамхины хэрэг нэлээд эртнээс газар авч, энэ хэрэгт Монголын дипломат ажилтнууд сэжиглэгдэж байгаа талаар энэ оны нэгдүгээр сард Германаас манай улсад албан ёсоор мэдэгдэж байжээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Германд Турк улсаас хар тамхи тээвэрлэн борлуулдаг том жижиг бүлэглэлүүд олширч байгаа аж. Харамсалтай нь манай дарга нар ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрчээ. Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд уг нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хашир туршлагатай хүн гэхэд ийм ноцтой хэргийн сэжүүр цухалзаад удаж байхад ер хөдлөхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байсан болж таараад байна.
Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар хар тамхины хэргээр саатуулагдсан хоёр хүн нь Турк улсад суугаа Монголын Ерөнхий Консулын газрын ажилтнууд бөгөөд нэг нь лав тэнд Ерөнхий консулаар ажиллаж байгаад саяхан чөлөөлөгдсөн Э.Мөнх-Очирынх нь жолооч байсан нөхөр ажээ.
Турк улсын дугаартай элчингийнхээ машинд хоёр ажилтан нь бөөн хар тамхи ачиж аваад Туркын Анкара хотоос Болгар, Серб, Унгар, Словак, Чех улсын нутгаар дамжин Герман хүртэл ямартай ч ойролцоогоор 2.600 гаруй километр зам туулсан бололтой. Далан килограмм хар тамхи нь өнөөгийн ханшаар арав орчим тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөн дүн ч яахав, сонирхуулах төдий юм. Хамгийн гол нь Германаас манайд таван сарын өмнө анхааруулсаар байтал дипломат ажилтнуудынхаа оролцоотой хар тамхины сүлжээнд хяналт тавьж, таслан зогсоох талаар юу ч хийгээгүй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хариуцлага тооцох ёстой болж байна. Эс тэгвээс сөрөг хүчнийхээ зүгээс огцрох шаардлага тулгуулан ганхаж эхэлж буй У.Хүрэлсүхийн Засгийн газар шударга ёсны төлөө хоосон чалчигсад гэсэн нэр зүүгээд дошийн шог болох биз ээ