Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь хандаж хэллээ.
“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат Хотын захирагчид танилцууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан үйлчилгээний нэгдсэн төвөөр явж танилцсаны дараа “Төр татвар төлөгчдийнхөө төлсөн мөнгөөр буцаагаад иргэддээ төрийн үйлчилгээг нь түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрд байгаа мэдээ мэдээллийг иргэдээсээ нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.
Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор Улаанбаатар гэдэг ганцхан банкаар үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банкууд оочир дараалалгүй байдаг. Ийм аль ч банкаар болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийн халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ” гэдгийг хэллээ.
Мөн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн ажилчидтай уулзаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, төрийн үйлчилгээг иргэнд ойрхон шуурхай байлгахад анхаарч ажиллахыг хүслээ.