Математикийн багшийн ажлаа орхиж, мэдээллийн технологийн салбарт хөл тавьж байсан тэрбээр олон салбарт амжилттай бизнес эрхэлдэг. Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн кино “Мора”-г бүтээсэн гээд цоо шинэ шинэ зүйлсийг сурч хөгжсөөр ирсэн замнал нь тун сонирхолтой. Багш мэргэжилтэй , байнга суралцах төлөвтэй энэ залуу боловсролын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргана гэсэн мөрөөдөлтэйгээр онлайн сургалтын цогц платформ бүтээжээ. “Том-Амжилт” компанийн томоохон төсөл, Ж.Шижир захирлын туршлага хүсэл эрмэлзэлдээ тулгуурлан бүтээсэн Amjilt.com-ынх нь тухай цухасхан ярилцсанаа хүргэж байна.
Amjilt.com-ын түүхээс хуваалцаач, энэ төсөл таны хувьд хэр үнэ цэнэтэй вэ?
Amjilt.com 2007 онд үүсгэн байгуулагдсан. 2010 оноос боловсролын платформ болгохоор хөгжүүлж эхэлсэн. 2015 онд санхүүгийн асуудлаа шийдэж, хөгжүүлэлтийн ажлаа эрчимжүүлж байлаа. Ажил төрлийн минь хувьд хамгийн том зорилго бол энэ төсөл, амжилт.ком гэдэг боловсролын платформ юм. Энэ төсөлд би асар их сэтгэл зүйн хөрөнгө оруулалт хийсэн, олон хүмүүс оюун ухаанаа шингээж хөгжүүлсээр байна. Хүүгийн маань нэрийг бас Амжилт гэдэг байгаа (инээв).
Танай платформын хэрэглэгчдэд олгосон онцлох боломжууд юу вэ?
Таван боломжийг онцлоё.
1. Багш нар, ер нь оюунлаг хүмүүс өөрийн ном хичээл аудио видео контентоо бүх төрлийн өргөтгөл дээр оруулж борлуулах боломжтой.
2. Онлайн сургалт дамжаа хичээллүүлж орлого олох боломжтой.
3. Суралцах өргөн боломж, сонголт, цаг зав орон зайн саадгүй байдлыг суралцагчдад бий болгож байна. Суралцахыг хүссэн зүйлээ зарлах байдлаар, багш болон анги бүрдүүлэх боломжийг ч бий болгосон байгаа.
4. Хураамжтай болон хураамжгүй гишүүнчлэлтэй бүлэг үүсгэх боломжтой
5. Их дээд сургууль, боловсролын төвүүд ашиглаж болохоор дотоод зардлыг хэмнэж зохион байгуулалтыг хөнгөвчилсөн программ байгаа. /Оруулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх гэх мэт олон ач холбогдолтой/
Манай платформын хэрэглэгч нар контентоо борлуулахад бид ямар нэг шимтгэл, татвар авахгүй. Удахгүй бид хичээлийг шууд дамжуулах мөн чатлах боломжтой болгохоор хөгжүүлэлтээ хийж байна.
Бүх ЕБС болон их дээд сургуулиуд амжилт.ком-ыг хэрэглэдэг болчихвол боловсролын салбарт, нийгэмд ямар ахиц дэвшил гарах вэ?
Товчхон хэлбэл Монголын боловсролын салбарт үсрэлт гарна. Бид дэлхийн шилдэг боловсролтой 10 улсын тоонд орчихож магадгүй шүү.
Боловсролын салбарт реформ хийх нь амаргүй зүйл. Харин манай компаний хэрэглэгчидтэйгээ хамтран бүтээж хөгжүүлж явах энэ сургалтын платформ өөрөө боловсролын асар том шинэчлэлийн суурь нь болчих боломж байна.
Та төсөөл дөө. 1 сурагч 1 математикийн багштай байсан бол нэгэн зэрэг 10 эсвэл 100 математикийн багштай байж болно. Нэг ангид 1-2 гавал сурагч байсан бол одоо платформ дотор олон гавал сурагчид бие биеэсээ суралцах боломжтой болно. Багш нар бие биеэсээ, суралцагчид бие биеэсээ, суралцагчид аль ч багшаас суралцах гэх мэтчилэн олон боломжууд үүснэ. Үнэхээр сайн багш дундаж багшаас 10 дахин илүү орлоготой болох боломж бүрдэнэ. Англи хэлний ярианы анги гэхэд л яг түвшингөөрөө ижил суралцагчидтай зуу зуун бүлгүүд үүсч үр дүнтэй суралцах боломжтой болно. Амжилт.ком-ыг асар том нэг сургууль гэж харж болох бөгөөд суралцагчдад үр дүнтэй суралцах боломжийг, сургалтын байгууллагуудад зохион байгуулалт, хэмнэлтийг, оюунлаг контент бүтээгчдэд мөнгө олох боломжийг олгож байгаа юм.
Боловсролын салбарын зөөлөн дэд бүтэц шүү дээ манай Amjilt.com.
Amjilt.com дээр хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа юу?
Илүү хурдан хугацаанд өсөхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа.
Amjilt.com-ын бизнес зорилтууд юу вэ?
Монгол Улсад 40 мянган багш 900 нь сургууль 800 мянган оюутан сурагчид байгаа. Энэ бол манай зах зээл гэж харж байгаа. Энэ зах зээлд Amjilt.com платформоо хэрэглүүлж байнгын хэрэглээ болгох нь чухал. Давуу тал, боломжуудаа ойлгуулах хэрэгтэй байна.
Amjilt.com олон улсын зах зээлд гарах боломжтой юу?
Боломжтой. Юун түрүүнд Монголдоо хангалттай хэрэглэгчтэй болсны дараа олон улсад гарна гэж төлөвлөж байгаа.
Боловсролын бусад платформуудаас юугаараа давуу талтай вэ?
Суурин компьютер болон гар утаснаас хэрэглэх боломжтой. Ашиглахад үнэ төлбөргүй. Хамгийн сүүлийн үеийн программчлалын хэл болох Reactjs, mongo database дээр хөгжүүлж байгаа. Сургалтын үйл ажиллагааны бүхий л гишүүдийн харилцааг нь бэхжүүлж өгсөн байгаа. Үүнд сургалтын менежер, оюутан,сурагч,эцэг эх гэсэн бүхий л хүмүүсийн харилцааг хангаж өгсөн байгаа. Манай платформын хэрэглэгч өөрөө бүх зүйлээ хөтлөн авч явах боломжтой. Манай оролцоогүйгээр .
Энэ өргөн цар хүрээтэй төслөөс авсан сургамжууд?
Алдсан, сургамж болсон зүйлээсээ ний нуугүй хуваалцъя л даа.
Хэр их дата бааз цугларахаас шалтгаалж программчлалын хэлийг зөв сонгох шаардлагатай. Цаашдын хөгжлөө харж сонголтоо хийх хэрэгтэй. Анхандаа open cms, php, mysqldb гээд маш олон хэл дээр хөгжүүлж бүтэлгүйтээд одоо reactjs, mongodb дээр хөгжүүлж амжилттай явж байгаа.
Хүний нөөц дээр бол программист хүний суурь чадварыг харах хэрэгтэй. Проаграммчлал дээр байнга шинэ шийдэл хэрэгтэй болдог. Тиймээс шийдэж чадах шийдэл хайдаг хүнийг сонгох хэрэгтэй. Салбартаа эксперт болсон дотоодын болон гадны мэргэжилтэн өндөр цалин шаарддаг. Мөн найз нөхдөө авч ажиллуулах нь хүндрэлтэй байдаг. Ажил үүргийн хувиараа ойлгуулахад хүндрэл учирдаг . Хэт их амбицтай хэрнээ суурь боловсрол муутай хүн авч ажиллуулах нь санхүү болон цаг хугацаагаа алдах сөрөг талтай . Ер нь заавал төгс хүн хайх шаардлагагүй. Ажлаа хийх чин хүсэл эрмэлзэлтэй өсөж хөгжих чадвартай хүн сонгох нь ажлын бүтээмжид өндөр үр дүн гаргадаг.
Маркетинг дээр маш энгийн алдаа гаргасан. Бага багаар маркетинг хийж явах ёстой байтал огт хийгээгүй. Программчлалаа хийж дуусгаад маркетинг хийнэ гэж бодож явсан. Гэтэл бидний прораммчлалын хөгжүүлэлт хэзээ ч дуусахгүй. Алдаагаа саяхнаас ойлгож маркетингаа давхар хийж явна.
Платформоо хөгжүүлэхдээ төслийн удирдагч гаргаж ажлуулсан боловч төслийн удирдагчдаа би өөрийгөө сайн ойлгуулж чадаагүй. Amjilt.com-ын эцсийн зорилгыг өөрөө харж байгаа шигээ тэр хүнд ойлгуулж чадаагүй алдаа гаргасан. Тийм болохоор тэр хүн маань буруу алсын хараатай ажилласан байгаа. Би өөрөө сайн суралцаагүйгээс хүний нөөц дээрээ ийм алдаа гаргасан байж. Ингэж менежментийн алдаа гаргаснаас болоод хүний нөөц болон санхүүгийн хохирол гарч байсан.
Манай компани дотроо Амжилт студи, Амжилт шоп, Амжилт Академи, Амжилт сургууль, Amjilt.news гээд олон салбартай. Эдгээр салбаруудаас санхүүгээ шийдээд яваад байсан чинь нэн шаардлагатай орлого олох тал дээрээ анхаарал хандуулахгүй алдаа гаргасан. Мөн программистаа чадвараар нь биш туршлагаар нь үнэлэн цалинжуулж байсан зэрэг алдаа сургамжууд олон байлаа.
Манай оюутан залуучуудын зайнаас бие дааж суралцах чадвар хэр хөгжиж байгаа бол?
Залуучууд зайны сургалтанд маш их ач холбогдол өгч байгаа. Манай сургалтын платформ нь өөрөө тухайн оюутан сурагчийг хөтөлж явах зориулалттай бүтээгдсэн. Хүмүүс гар утасны тоглоомд автдаг шиг сурч байгаа зүйлдээ тэгж нарийн төвлөрөх талаас нь чухалчилж хөгжүүлэлт хийгдсэн. Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл зүй дээр нэлээн анхаарсан хөгжүүлэлтээ хийсэн.
Сүүлийн асуултаа танд нээлттэй үлдээе.
Баярлалаа. Уншигчдад хандсан нэгэн асуултаар яриагаа өндөрлөе:
Та ирээдүйд ямар нэг зүйлд онлайнаар суралцах уу?
андройд апп татах линк
https://play.google.com/store/apps/details?id=com.amjilt_mobile
ай ос апп татах линк
https://itunes.apple.com/mn/app/amjilt/id1244668559?mt=8