Уг нь Ц.Гарамжав уул уурхайн бизнес хийдэг хатагтай байгаа юм. Түүнийг “Монполимет”-ийн Ц.Гарамжав гэдэг байлаа. Одоо эрхэм гишүүн Ц.Гарамжав болчихсон. Тэрээр Уул уурхайн дэд сайд байж байгаад улс төрд гүнзгий орж, улмаар УИХ-ын гишүүн болсон байдаг.
2016 оны сонгуульд МАН маш олуулаа УИХ-д орж ирэхэд Ц.Гарамжав тэдний нэг болсон хэрэг.
Түүнийг гишүүн болсон ч зөвхөн уул уурхайн бизнесээ эрхлээд явдаг хүн гэж сурвалжлагч миний бие саяхныг болтол боддог байлаа.
Ер нь бол түүний УИХ-ын гишүүний ажлыг санасандаа хүрч, сарвайснаа авдаг хэмжээгүй эрхт албан тушаал гэж эндүүрсэн бололтой.
Учир нь Ц.Гарамжавын хийдэг үйлдэл 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ихэд түрэмгий болж, тэр хэмжээгээр бусдад халтай хүн болжээ.
Ц.Гарамжавын уул уурхайн бизнесийн талаар таагүй мэдээлэл зөндөө л сонсогддог. Заримдаа дуулиан шуугиан болно. Мань хүн тэгсгээд чимээгүй болгочихдог.
Бас Засгийн газраар өөрийнхөө компанид ашигтай шийдвэр гаргуулчихсан гээд хоёрхон жилийн өмнө яригдаж л байлаа. Бас л сураг алдарсан.
Тэгвэл Ц.Гарамжав, түүний охин, одоо “Монполимет”-оор овоглодог болсон Н.Мөнхнасан нарын нэгэн явдлын талаар энд бичихээс аргагүйд хүрэв.
Хэрэв үүнийг ил болгохгүй бол олон бизнесмэн, хувь хүмүүс, байгууллага компаниуд ч Ц.Гарамжавын иймэрхүү аргад унаж, дарамтад орсон байх магадлалтай бөгөөд бусдыг сэрэмжлүүлж буй юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний нэр хүндээр хууль шүүхийн байгууллагад ч нөлөөлөөд байж болзошгүй юм. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл, олон жил бугласан явдлууд дэлбэ үсэрч байгаа энэ цаг үед эрхэм гишүүний бодлогогүй үйл ажиллагааны золиос болж, “цэвэрлэгээ”-нд өртөх вий гэсэн сэрэмжлүүлгийг ч бас хүргэж байгаа хэрэг.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар хорооллын Автозамчдын гудамжинд Монполимет буюу МПМ тауэр гэж бий. “Монполимет” компанийн оффисын барилга гэсэн үг. Энэ тауэр “Буян” компанийн дэргэдүүр урагш яваад Нарны замтай нийлдэг уулзвар хавьд байдгийг хүмүүс мэднэ.
Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар 2016 оноос энэхүү МПМ тауэрынхаа дэргэд нэгэн шинэ барилга эхлүүлэхээр газар хайгаад эхэлжээ. Тэдний хайж байгаатай байршил, хэмжээ нь яг тохирсон 1240 мкв хэмжээтэй газар МПМ тауэрынх нь зэргэлдээ байж таарав. Гэтэл уг газрын үнэлгээ нь 5 тэрбум төгрөг гэж байж.
Тэр газрын үнэлгээ Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарт өндөр санагдсан тул газрын эзний хэн болохыг, хэн хэнтэй ойр дотно холбоотой болохыг судалсан байгаа юм. Ингээд “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаяртай ойр гэдгийг олж мэджээ.
Тэд Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг Ж.Ганзориг гэдэг хүнээр дамжуулан “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралтай холбогдож, учир байдлаа хэлсэн байна. Ингэхдээ “Бид энэ газрыг худалдаж авах гэсэн юм. Гэтэл үнэ нь их өндөр болоод байна. Эзэмшигч нь тантай танил хүн юм байна. Тийм болохоор танаар дамжуулаад энэ газрыг худалдаж авах бодолтой байгаа юм. Та газрыг шилжүүлээд авчихвал бид 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахад бэлэн байна” гэжээ.
Тухайн газрын эзэн нь Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарын судалж мэдсэнчлэн “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралтай их ойр, сайн танил, бизнесийн олон гэрээ хэлцэл хийж хамтарч ажиллаж байсан хүн байж таарав.
Бас хоорондоо зарим нэг өгөө авааны тооцоотой байв. Нэг үгээр бизнес л бол бизнес учраас газрын эзэнтэй зарим нэг тооцоо дуусгахад Ц.Гарамжав, Н.Мөнхнасан хоёрын санал боломжийн гэ үзсэн байна. Тиймээс “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаяр газрын эзэнтэй яриа хэлцэл хийж 2017 онд дээрх 1240 мкв газрыг “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлэн авчээ.
Гэтэл яг энэ үед Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар дээрх 1240 мкв газар, хажууд нь байсан хувь хүн, байгууллагын нэр дээр байдаг газруудыг хамруулан барилгын ажил эхлүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирлаас 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон ярьснаа хэрэгжүүлэлгүйгээр газрыг нь дамнуулан оролцуулаад барилга бариаад эхэлжээ.
Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нар ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхдээ урьд нь тус 1240 мкв газар дээр байсан барилгын суурийг өөр барилгын хогоор булж дүүргээд, газрыг нь хашиж аваад өөрийн эд хөрөнгийг байршуулан ашиглаад эхэлсэн байгаа юм.
Ингэхээр нь “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал анх энэ талаар хэлж ирсэн, Ц.Гарамжав нартай холбож өгсөн Мэргэжлийн хяналтын газрын Ж.Ганзоригтой холбогдож, “Энэ юу болоод байна вэ” гэхэд нөгөөх нь “Би Гарамжав, Мөнхнасан нартай холбоогүй болсон. Юу болоод байгааг мэдэхгүй” гэж хариулсан байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газрын Ж.Ганзориг гэгч нь Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарт ийм ашигтай холбоос хийсний шанд “Лексус-570” автомшин авсан гэх мэдээлэл сонсогдоод алга болсон байна.
Улмаар “Ярьсан яриагаа хэрэгжүүлээч” гэж шаардлага тавихад Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал Б.Ганбаярыг “Уулзъя” гэж дуудаад “Газрыг худалдаж авна. Гэхдээ бэлэн мөнгөөр биш” гэх зэргээр хэлснээсээ буцаж эхэлсэн байна.
Түүгээр ч үл барам Н.Мөнхнасан нь “...“Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал намайг мөнгө өг гэж дарамталж сүрдүүлсэн” гэж цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч, хэрэг бүртгэлтийн хэрэг хүртэл нээлгэчихсэн байгаа юм. Гэвч удалгүй үнэн мөн нь олдож цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байжээ.
Энэ мэтээр ээж, охин хоёрын үйлдэл цайрах шинжтэй болж, “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирал өөрийн компанийн нэр дээрх газрыг ашиглах боломжгүй болсон тул шүүхэд хандсан байна.
Ингэсэн ч Ц.Гарамжав зогсолгүй, зөвшөөрөлгүй барилгынхаа суурийг бариад амжчихав.
Бас болоогүй, сууриа дуусгаж авчихаад “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захиралд “Газрыг чинь 500 сая төгрөгөөр авъя” гэдэг санал тавьжээ.
2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дээрх 1240 мкв газрыг 500 сая төгрөгөөр худалдаж авах саналыг албан бичгээр хүргүүлсэн байна.
Харин эрхэм гишүүнд ингэж “муриулсан” талаараа хандсан “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн гомдлыг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга хэт нэг талыг барьж, эрхэм гишүүнд илтэд үйлчилсэн гэж хардахаар шийдэж орхижээ.
Шүүгч Ө.Уянга нь явсаар “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшлийн газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, ийм нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ. Улмаар “Энэ үндэслэлээр Ц.Гарамжав, Н.Мөнхнасан нарыг шударга бус эзэмшигч гэж үзэх үндэсэлэлгүй болно” гэсэн агуулгатай шийдвэрийг гаргачихсан байна.
Уг нь газар эзмшилтэй холбоотой шийдвэрийг Нийслэл, дүүргийн Засаг дарга, бүр шүүх дээр очлоо гэхэд Захиргааны шүүх шийдвэрлэх хууль номтой байдаг билээ.
Ер нь тэгээд хувийн ашиг сонирхол төрийн бодлоготой хэзээ ч нийлдэггүйг энэ жишээ тодоос тод харуулж байгаа юм. Тиймээс ч тун удахгүй эрх баригчид УИХ-д бизнесмэнүүдийн орж ирдэг байдлыг таслан зогсоохоор томоохон арга хэмжээ авах гэж байгаа.
Яг энэ асуудал дээр л гэхэд Ц.Гарамжавын УИХ-ын гишүүний нэр хүнд нэгэн бизнесмэний үйл ажиллагаа, санхүүд эрсдэл хохирол учруулж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, цаашлаад тэдэнд үйлчилсэн эсэхээ шалгуулах эрсдэлтэй тулчихаад байгаа юм.
“Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн захирлын нэхэмжлэлтэй энэ хэргийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ. Доод шатны шүүхүүдийн захирамж, шийдвэрийг залруулж, зөвийг гаргаж ирдэг Дээд шүүх бол үнэн зөвөөр шийдээд явах нь мэдээж биз.
Гэвч, дахин хэлэхэд Ц.Гарамжав гишүүн л гэхэд ингэж газрын дээрэм хийж, таван тэрбумын өртөгтэй хөрөнгийг 500 сая төгрөгөөр худалдан авах шахалт дарамтыг жирийн нэг бизнесмэнд учруулжээ.
Иймд энэ мэтийн асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар онцгой анхаарал хандуулах ёстой юм.
“Балинчаа аваач ээ” гэдэг шиг төрийн өндөр сэнтийд заларсан, түүгээрээ бусдыг далайлган сүрдүүлж, хүссэндээ хүрдэг түшээд та бүхний дэргэд нэг биш байж мэднэ шүү.
Дээд шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлье.
Эх сурвалж: Өдрийн сонин