Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг төгс хослуулж, оновчтой, эдийн засгийн үр ашиг авчирхуйц сайн санал санаачилга, бүтээмжийг дээшлүүлэн техник технологийн өндөр хөгжилд хүрэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос эхлэн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дөрөв дэх удаа болж буй энэ удаагийн зөвлөгөөн тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд менежментийн ухаан, ажлын арга барил, бизнесийн сайжруулалтын тэргүүн туршлагыг хуваалцахадчиглэсэн нь онцлог байв. Монгол улсын уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаач инженерүүдийн өргөн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш шинэ санаа, мэдлэгийг хуваалцан, бүтээмж, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ололт амжилт, хүндрэл бэрхшээл, гарц шийдлээ ярилцсан нь зөвлөгөөний цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлсэн.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсны 40 жилийн ойн босгон дээр бид өнөөдрийн хөгжлийн түвшинд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү үйл явцыг үргэлжлүүлж, тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн инновацид түшиглэн хөгжүүлэх вэ гэдгийг уул уурхайн эрдэмтэд, академич, судлаач инженерүүд та бүхний оюун ухаанд тулгуурлан нээлттэй солилцож байна” хэмээсэн нь зөвлөгөөний зорилго, үр өгөөжийг тодотгож өгөв. Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-эрдэнэ танилцуулж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэн оролцогчдод амжилт хүссэн. Мөн шинжлэх ухаан,үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Шинжлэх ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар гарын үсэг зурав. Энэ үеэр Академич Г.Чулуунбаатар “Эрдэнэт үйлдвэр нь байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд төсөв санхүүгийн бүрдүүлэлтэнд ямагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ард түмний сайн сайхан амьдралын нэгэн бодит баталгаа болсон манай уул уурхайн дэлхийд данстай томоохон үйлдвэрийн нэг. Шинжлэх ухааны Академийн зүгээс тус үйлдвэртэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн буй” гэдгээ онцоллоо.
“Эрдэнэт үйлдвэр 40” сэдвийн дор зохиогдсон 1000 инженерийн зөвлөгөөн “Тасралтгүй сайжруулалтын тэргүүн туршлага”, “Инноваци-Оюуны өмч” салбар хуралдаанаар үргэлжлэн, дүгнэлт зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг салбар хуралдааны даргалагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, Их барилгын асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар танилцуулав.
1000 инженерийн зөвлөгөөний шагнал гардуулах үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлийн тэргүүн, дэд байрын шагналыг гардуулснаар эхэлж, шинийг санаачлагч, манлайлагч, өсөх ирээдүйтэй инженер техникийн ажилтнуудын урамшууллаар үргэлжилсэн. Харин дараа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Инноватор-2018” цомыг шинийг санаачлагч, оюунлаг шилдэг хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулах цаг мөч ирснийг хөтлөгч дуулгав.
Энэ удаа “Инноватор-2018” цомын эзнээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорсон. Тус хамт олны санаачлан, хэрэгжүүлсэн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төсөл ийнхүү 2018 оны “Инновацийн баатар”-аар тодрох амжилт өөд хөтөлжээ. Инноватор цомын 2016 оны эздээр Ж.Ганзориг ахлагчтай “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлийн Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын хамтарсан баг шалгарч байв.
М.Балжинням