Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт өдөрт 100 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Гэвч хүүхдэд зориулсан тэргэнцэр байхгүй улмаас эдгээр хүүхдүүдийг эцэг эх, сувилагч нь зөөх хүндрэл үүсдэг байна. Харин өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор Чехийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 9056 еврогийн үнэ бүхий нийт 15 хүүхдийн тэргэнцрийг хандивлалаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр ийнхүү ГССҮТ орчин үеийн 10 тэргэнцэртэй болсонд баяртай байна. Эмчилгээнд орох шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээнд уг тэргэнцэр ач холбогдолтойгоос гадна, эмч, сувилагч нарын ачаалал багасах юм. БНЧУ-ын Элчин сайдын яамд бидний зүгээс гүн талархаж байгаагаа хэлмээр байна. Ер нь Чех улстай бид социализмын үед нэг дээвэр дор байсан. 1990-ээд оноос хойш хэдий бүх социалист орон манайд үзүүлэх тусламжаа зогсоосон. Харин хөгжлийн тусламжаа зогсоогоогүй ганц улс бол Чех.
1990 оноос өнөөдрийг хүртэл 48 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бидэнд үзүүлсэн. Энэ дундаас 1.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулаад байна. Түүнчлэн Эрдэнэтийн эмнэлэгт таван тэргэнцрийг өгч буй юм.
Цаашдаа зөвхөн тэргэнцрээр хязгаарлагдахгүй, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн талаар Элчин сайдын яамтай ярилцаж байгаа. 2018, 2019 оны төсөвт бид эмнэлгийн салбарт шаардагдаж байгаа тоног төхөөрөмжийг төсвийг суулгаж байна” гэлээ.
Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны Орон нутгийн жижиг төсөл нь чехийн экспертүүд болон байгууллагуудын Монгол Улсад барилгын салбарт, сэргээн засварлалт, эмнэлэгийн салбарт, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг юм.