Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал есдүгээр сарын башёд 15 даван түрүүлж, 41 дэх түрүүгээ авснаас гадна дээд зиндаанд барилдсанаас хойш 1000, их аварга цол барилдсанаас хойш 800 дахь даваагаа авсан. Тэрээр башё өндөрлөмөгц эх орондоо иржээ. Өнөөдөр түүнийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр их аварга Хакүхо М.Даваажаргалын сэтгэгдлийг сонсов.
Тэрбээр "Энэ жил гэмтэл бэртэл ихтэй байлаа. Мөн аав маань хавар бурхны оронд заларсан. Энэ бүхнээс болоод сэтгэл санааны бэлтгэл тийм ч сайнгүй байсан. Ер нь есдүгээр сарын башё эхлэхэд бие болон сэтгэл санаа сайн байгаагүй. Харин башё эхлээд бүх зүйл цэгцрээд сайхан болж олон сайхан дээд амжилтын эзэн боллоо. 13 жил дараалан түрүүлсэн бөх байдаггүй юм билээ. Дээрээс нь 22 настайдаа аварга болсноос хойшхи даваа маань 800, 19 настай дээд зиндаанд барилдаж эхэлснээс хойшхи даваа маань 1000 хүрч, 41 дэх түрүүгээ нэг ч уналгүй босоогоороо авлаа. Энэ сайхан амжилтын дараа эх орондоо, тэнгэрт хальсан ч гэсэн аавдаа сайхан мэдээтэй ирж байгаадаа баяртай байна. Эх орондоо хэд хоног сайхан амарна. Мөн аавынхаа үүсгэн байгуулсан Их шавь дэвжээний шинэ спорт цогцолборын шавыг энэ сарын 27-нд тавина. Өнөөдөр энэ сайхан амжилтыг минь үнэлж УИХ-ын дарга хүлээн авч уулзсанд баяртай байна" гэлээ.