Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар бол хот байгуулалтын үндэс

Газар бол хот байгуулалтын үндэс

Хотжиж эхлээд нэгэн зууны нүүрийг үзэх гэж буй Монголчууд газрын үнэ цэнийг зах зээлийн утгаар нь ухамсарлах болсон нь 20 гаруйхан жилийн өмнө. Нийслэл хотыг зорьсон их нүүдлийг 1,4 сая давж, хүн амын тэн хагас дөрвөн уулын хөндийд чихэлдэн суух юм гэж 20 жилийн өмнө хэн ч төсөөлсөнгүй. Социалист төлөвлөгчид Улаанбаатар хотыг 450 мянган хүн амтай байхаар төлөвлөж, зурж байжээ.
Тоо бүртгэлээс харахад газраа өмчлөх идэвхи нийслэлийн иргэдийн дунд л хамгийн өндөр байна. Гэвч иргэдэд өмчлөх газар хотын төвийн бүсэд үлдсэнгүй. Нийслэлд газрын наймаа далд эдийн засгийн хэлбэрт орж, хар зах дээр үнэ нь тэнгэрт хадсаныг хэн хэнгүй мэдэж буй. Үнэндээ нийслэлд газрын харилцаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн байхад үеийн үеийн удирдлагууд шийдвэртэй алхам, оновчтой шийдэл гаргасангүй өдийг хүргэжээ. 
 
Зоримог шийдэл
 
Улс төрч С.Батболд 2016 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргав. Энэ бол бахархаад байх шийдвэр биш ч байж болох эцсийн шийдэл байлаа. Нийслэлийн газар ашиглалт дах гамшигтай тэмцэхэд төрийн төмөр нүүр хэрэгтэй байсныг С.Батболдын өнгөрсөн 2 жилд хэрэгжүүлсэн бодлого нотлон харуулжээ.
 
Жиргээ: 
Бид өмнөх асуудлаа цэгцэлж байж дараагийн газар олголтын асуудлаа ярих болно.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд
 
Төрийн төмөр нүүр
 
Улаанбаатарт газар хүрэлцэхээ больсон гол шалтгаан юу вэ? 
Нийслэлийн иргэдийн ердөө 14,3 хувь нь л гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авч чадсан байтал зарим, иргэн аж ахуйн нэгжүүд хэд хэдэн байршилд хэдэн мянган мерт.квадрат газар эзэмшиж, ашиглаж байгаа. Тэгш бус хуваарьлалт. 
Өнгөрсөн 2 жилд Хотын захирагч С.Батболд чухамдаа тэгш бус хуваарьлалтын эсрэг хатуу тэмцэл хийсэн юм. Юуны түрүүнд нийтийн эзэмшлийн талбайг эрх мэдэл, танил талдаа дулдуйдан хашаад авчихдаг явдалтай тэмцэв. Богд хааны ордон музейн гадаах талбай, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн хашаа, 33 дугаар дунд сургуулийн гээд 11 байршил дахь цагаандаа гарсан газрын дээрмийг тэр л таслан зогсоожээ. 
Хотын төвд газар хашчихаад ямар ч барилга, аж ахуйн үйл ажиллагаа явуулалгүй хэдэн жил болдог хүмүүсийн цаана газрын далд наймаа байгаа гэж хардахаас өөр аргагүй. Хотын төв орчим буюу Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хоёр жил ашиглаагүй болон зориулалтын бусаар ашигласан 6 газар байсны зөвшөөрлийг цуцалсан байна. 
 
 
 
 
Үе үеийн засаг дарга нар цаас шидэлцэх, ярихаас өөр шийдэл гаргаагүй хотын доторх авто машины худалдааг нэгдсэн журмаар хотоос гаргах ажил С.Батболд захирагчийн үед ямартай ч шийдэгдэж дуусах бололтой.  БГД-ийн 4 дүгээр хороо буюу Вокзалын баруун талд байсан “1000 машины зогсоол”-ын газрыг албадан буулгаж, Нийслэлийн авто худалдааны цогцолбор луу нүүлгэн шилжүүлсэн. Энэ газарт төр шинэ вокзал барих үүрэг хүлээснийг иргэд анхааралдаа авчихад илүүдэхгүй болов уу. 
Энэ мэтээр газрын зориулалтыг дур мэдэн өөрчилж, ил задгай авто машин худалдаа эрхэлж байгаа нийт 41 иргэн, аж ахуйн нэгж байгааг  шинээр баригдсан “Авто худалдааны цогцолбор” луу нүүлгэх ажлыг нийслэл зохион байгуулж, шахаж шаардаж, шүүхдэлцсээр байгаа аж. Шинэ авто цогцолбор нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11,324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1,191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай. УИХ-д өргөн баригдаад буй “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” батлагдсанаар том толгойтой, ардаа улс төрийн хамгаалалттай гэгдэх Да хүрээ, Өгөөмөр гэх мэт захуудыг нэг стандарт, төвлөрсөн байршилд нэгтгэх болно гэж албаны эх сурвалж өгүүлж байна. 
 
 
Иргэдийн оролцоо чухал
 
Нийслэлийн зүгээс хэн нэгний бизнесийг таслан зогсоож, мууг үзэх гэсэндээ биш хотын иргэд, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс л “төрийн төмөр нүүр” гаргаж байгаа нь ойлгомжтой. Шийдвэр бүхэн нь шүүхэд очиж, сунжирч, үр дүнг бууруулж байгаа ч С.Батболд шийдвэртээ тууштай зогссоор байгаа. Одоо түүнд иргэдийн, туслалцаа оролцоо чухал байна. 
Зам, гарц, явган хүний замыг тагласан барилгын хашаа, хаалтыг албадан буулгах захирамжийг нийслэлийн захирагч гаргаад чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ ажил нийгмийн сүлжээгээр давалгаалсны үр дүнд иргэдийн эрх ашгийг зөрчсөн ??? байршилд хашааг албадан буулгаж зам чөлөөлж чаджээ. Энэ бол сайн жишиг. Гэхдээ ийм зөрчилтэй 341 аж ахуйн нэгж, иргэн байгааг иргэд анхааралдаа авчихад гэмгүй.
Улаанбаатарт орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас болж дээр дурьдсан дураараа өмчилж хашаалах газрын дээрэм тасардаггүй. Үүнийг нэг мөр таслан зогсоох зорилгоор Нийслэлийн захирагчийн зүгээс орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл танай СӨХ байрныхаа ойр орчмын газрыг ашиглах эрхтэй болсон гэсэн үг. 
Одоогоор Улаанбаатар хотод 1.051 СӨХ үйл ажиллагаагаа явуулдгаас ердөө 499 нь Үүнээс 1.051 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан гэдгийг иргэн та анхаарлдаа авах нь зөв болов уу. Газраа баталгаажуулаагүй 552 СӨХ-ийн нэг нь арай танайх юм биш биз?
 
Газрын реформ
 
Нийслэлд газрын реформ хийхгүйгээр цаашид хотжих, хөгжих боломжгүйг амьдрал харуулсаар байна. Сүүлийн хоёр жилд Улаанбаатарт газрын чиглэлээр хийсэн ажлууд реформ хийх зорилгод чиглэгдэж ирсэн. Цаашид илүү өргөн хүрээнд, шийдвэртэй ажил хийхийн тулд  Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралттай батлах шаардлагатайг хотын мээр сүүлийн үед хүчтэй ярих болжээ. Энэ хуулийн зохицуулалт, санкцууд батлагдсан ч хэрэгждэггүй, тэр хэрээрээ авлига, хардлагын үндэс болсон олон журмыг цэгцлэхийн сацуу түүхэн шинжтэй бодлогын олон өөрчлөлтийг авчирна хэмээн хотын дарга С.Батболд итгэж байгаа юм. 
Өргөн бариад буй хуулийн төсөлд нийслэл газрын биржтэй болох тухай заалт бий. Нийслэл газрын биржтэй болсноор дэлд газрын наймаа, түүнийг даган эргэлдэж буй асар их мөнгө эдийн засгийн эргэлтэнд орно гэсэн үг. 
Дээрх өгүүбэртэй хамтад нь постер хийх: 
Газрын наймаанаас нэг ч мөнгө татварт орж ирэхгүй байна. Газар эргэлтэд ороод 12 жил болж байна. Гэтэл газрын үнэлгээ нь огт өөрчлөгдөөгүй. 1997 оны үнэлгээгээр газрыг үнэлэх ёсгүй л дээ. Газрыг ямар ч үнэгүй шахам аваад дараагийн хүндээ өндөр үнэтэй зардаг. Жирийн татвар төлөгчдийн хувьд харахад татварын бодлого шударга байна уу гэхээр үгүй болчихож байгаа юм.
Эдийн засагч П.Хашчулуун
Түүнчлэн нийслэлийн төвлөрлөөс хол, дагуул хотод үйл ажиллагаа явуулах байгууллагын татварын 50 хувь хөнгөлөх зохицуулалтыг хуульд тусгасан нь түгжрэл, шамбааралтад цэг тавих шийдэл байж болох юм. 
Энэ мэтээр эрчтэй, зоригтой ажиллаж чадвал С.Батболд захирагч бүрэн эрхийнхээ сүүлийн хагаст нийслэлчүүдийн толгойны өвчин, монголын хөгжлийн тээг болсон хотын газрын асуудлыг гамшгийн байдлаас ердийн түвшинд оруулах реформоо гүйцээхээр төлөв харагдаж байна.
 
Газар бол хот байгуулалтын үндэс
 
“Газар бол улсын үндэс” гэж Модун шанью 2000 жилийн өмнө хэлжээ. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 16-д ордог ч, уудам нутгийнхаа 0.3 хувьд л шахалдан сууж буй хөөрхийлөлтэй байдлаа цэгцэлж чадвал Монгол цэцэглэн хөгжихөд орхон байна. 
Гамшиг байсан газрын харилцааг гарц болгон хөгжлийг хурдасгах замаасаа битгий ухраарай, хотын дарга аа!
Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй жолооч нарыг урамшуулав
Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож буй жолооч нарыг урамшуулав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.