Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ТҮЛХЭЦ БОЛНО

Ирэх есдүгээр сард Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Энэ чуулга уулзалтаар Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдад юу амалж чадах вэ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодруулга авлаа.

-“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтад танай яамнаас хэр ач холбогдол өгч байна вэ. Учир нь, хөрөнгө оруулагчдын хувьд бодлого боловсруулагчдын үгийг сонсох, тэдний тоглоомын дүрмийг үргэлж сонирхож байдаг л даа?

 

-Монголын уул уурхай гэсэн брэндийг бий болгож, уул уурхайн өнөөгийн дүр төрхийг илүү хариуцлагатай, илүү өрсөлдөх чадвартай болгох талаар манай яам бодлогоо чиглүүлж байна. Хувийн болон салбарын санаачлагаар зохион байгуулагддаг чуулга уулзалт, арга хэмжээнүүд шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдыг хоймроо суулгах гэж л биднийг урьдаггүй нь тодорхой. Яамны хувьд ч хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд, олон нийтэд товч, тодорхой, хоорондоо уялдаа логик бүхий мэдээлэл өгөх сонирхолтой байдаг. Нөгөө талаар жил тойрон зохион байгуулагддаг ойролцоо хүсэл сонирхол бүхий арга хэмжээнүүд, тэдгээрийг зохион байгуулагчдын хоорондын өрсөлдөөнд төрийн байгууллага татагдан орох ёсгүй. Энэ үүднээс би энэ жилээс эхлэн салбарт тодорхой хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээнүүдийг чанарын шинэ түвшинд гаргах тал дээр анхаарч, талуудыг хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд яамны зүгээс тодорхой хэмжээнд оролцохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ийм төрлийн арга хэмжээг уул уурхайн салбар өндөр хөгжсөн улс орнууд хэрхэн зохион байгуулж байгаатай тодорхой хэмжээнд танилцсан. Бид тэднээс туршлага судалж, өөрийн орны онцлогт тохируулан, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорьж ирдэг том арга хэмжээ болгоно.

 

-Өнөө жилийн “Дисковер Монголиа”-гийн зохион байгуулагчаар Засгийн газар, Уул уурхайн ассоциацаас гадна Монголын бизнесийн зөвлөл орж ирж байна. Нэлээд онцлог шинэлэг өнгөтэй болох нь гэсэн хүлээлт үүсчихлээ.  Таныхаар өнөө жилийн “Дисковер Монголиа”-гийн онцлог нь юу  вэ?

 

-Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлын явцын талаар надад тогтмол мэдээлэл өгч байгаа. Зохион байгуулагчдын хүрээ өргөжсөнөөр оролцогчдын хамрах хүрээг өмнөхөөс тэлж байна. Хайгуулын үе шатанд хөрөнгө оруулагчид уруу хандсан гэхээс илүүтэйгээр Монголын уул уурхайг бүхлээр нь харж хөрөнгө оруулах сонирхол бүхий оролцогчид уруу хандаж ажиллаж байна.

 

Уул уурхайн бүтээгдхүүний үнэ өндөр байгаа нь, мөн Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил болохтой холбоотойгоор хоёр улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр бэхжиж, худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжин, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ярьж байна. Мөн УИХ, Засгийн газрын зүгээс том төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шат дараатай арга хэмжээнүүд аваад эхэлсэн зэрэг нь Монголын уул уурхайг сонирхох олон улсын сонирхлыг нэмэгдүүлж байгаа.

 

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өмнө Тавантолгойг хөдөлгөх том ажил бий. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Засгийн газрын зүгээс Таван толгойн IPO-г гаргах санаа шийдэл дээр тодорхой мэдээлэл өгөх үү?

 

-Олон улсын хөрөнгийн биржд IPO хийх нь зөвхөн Тавантолгойн ордоор хязгаарлагдах асуудал биш. Монгол Улсын эдийн засагт, бүс нутгийн хөгжилд, салбарын хөгжилд олон талаар түлхэц өгөх болно. Тиймээс IPO-ийн бэлтгэл ажил өргөн хүрээнд явагдаж байгаа. Хурлын үеэр эдгээртэй холбоотой асуудлууд хөндөгдөх болно.

 

-Уул уурхайн хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад дуулгах таатай мэдээ бий юу?

 

-Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлууд яригдана. Монгол Улсын хайгуул, геологийн потенциалын талаар мэдээлэл авах боломжийг сайжруулах талаар хийгдэж буй ажлууд бий. Яамны зүгээс Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Гурван тулгуурт хөгжлийн бодлогуудтай салбарын хөгжлийг уялдуулж байгаа. Энэ нь хайгуулын ажлыг ямар чиглэлээр, аль бүс нутагт явуулвал Монгол улсын хөгжлийн бодлогуудтай нийцэж, улс болон орон нутгийн дэмжлэгийг авах боломжтой вэ гэдэг талын ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгөх байх.

 

-“Дисковер Монголиа”-гийн үеэр хөрөнгө оруулах боломжтой уул уурхайн томоохон төслүүдийг онцлох болов уу?

 

-Хурлын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гадна төрийн өмчит уул уурхайн компаниуд оролцох бөгөөд хөрөнгө оруулалт татаж ажиллах уул уурхайн төслүүдээс гадна уул уурхайн дэд бүтцийн төслүүдийн талаар ярилцах болно.

 

-“Дисковер Монголиа”-гаас олон санаа гардаг. Гэвч төрийн байгууллагууд ажил хэрэг болгохдоо хойрго ханддаг тал анзаарагддаг. Өнөө жилийн чуулганаас төрд хандаж зөвлөмж гаргана гэж зохион байгууллагчид нь мэдээлж байна. Чуулганаас гарах санаа шийдлийг төрийн бодлого шийдвэрт тусгах тал дээр та хэрхэн ажиллах вэ?

 

-Зарчмын нэг зүйлийг хэлэхэд бодлогын хэлэлцүүлэх өрнүүлэх хурал, бодлого ба бололцоог танилцуулж, түүн дээр хөрөнгө оруулагч талуудын сонирхлыг татах хурлуудыг хооронд нь хольчихоор тийм ч олигтой үр дүн гарахгүй. Тийм ч учраас манай яам өнгөрсөн оны 12-р сард Монгол Улсын Засгийн газрын түвшинд уул уурхайн салбарын бодлогын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чуулганыг зохион байгуулсан. Цаашид тогтмолжуулж байгаа. Тиймээс энэ удаагийн “Дисковер Монголиа« чуулганы явцад хөрөнгө оруулагчдаас тавьсан саналууд дээр яам ажиллаж, ирэх 12-р сард зохион байгуулах ээлжит бодлогын хэлэлцүүлэг, чуулган дээрээ хэлэлцэх болно.

 

-Монголын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Дисковер Монголиа”-д оролцож байгаа гадаад, дотоодын компаниудад юу амлаж чадах вэ?

 

-Монгол улсын уул уурхайн салбар өөрийн потенциалиа бүрэн нээж чадаагүй байгаа салбар. Судлах зүйл ихтэй, хөрөнгө оруулагчийн хувьд сайн чанарын орд газруудыг нээж олох боломж өндөртэй. Уул уурхайд харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тогтолцоог бий болгох, хүрсэн үр дүнгээ ахиулах чиглэлд Яам ч, Засгийн газар ч тууштай ажиллаж байгаа. Компаниуд, хөрөнгө оруулагчид энэ чиглэлээр бидний хийж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар хангалттай мэдээлэл авах болно.

 

-Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлд Уул уурхайн яам ямар ажлууд амжуулав, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа бол?

 

-Байгалийн баялгийн засаглал гэж тогтсон ойлголт байна. Үүн дотор манай яамны шууд хариуцдаг асуудлууд ч байна, сангийн болон байгаль орчин, дэд бүтэц хариуцсан яамдын хүрээнд хариуцдаг асуудлууд ч байна. Эдгээр асуудлууд ямар нэг хэмжээгээр, хэн нэгний сонирхолоор хөндөгдөх нь Монгол улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолд эерэгээр, сөргөөр нөлөөлж байна. Яамны хувьд өөрөөс хамаарах асуудлууд дээрхи ололтой үр дүнгүүдийг тогтвортой хадгалах, сайжруулах зүйлсүүд дээр арга хэмжээ авах байр суурьтай ажиллаж ирлээ. Мөн бусад яамдтай хамтран баялгийн засаглалын холбоотой асуудал дээр олон талын эрх ашгийг харгалзсан, олон улсын тэргүүн туршлагад дүйх шийдвэр, шийдлүүдийг гаргадаг байх талын ойлголцлуудыг хийж байна. Үүнд олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг ч өргөн хүрээнд авч байгаа. Та бүхэн Дисковер Монголиа чуулганы явцад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна гэдэгт итгэж болно.

 

Ж.ЭРХЭС

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсдэг ч бүтээгдэхүүний чанар нь гологдож байна
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсдэг ч бүтээгдэхүүний чанар нь гологдож байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.