Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсдэг ч бүтээгдэхүүний чанар нь гологдож байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Энэ сарын сүүлч буюу 20-ноос хойш Улаанбаатар хотод ёстой л түм түжигнэж, бум бужигнаж эхэлсэн. Ялангуяа томоохон зах, худалдааны төвүүдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн тасаг хөл хөдөлгөөн ихтэй байна. Тиймээс эцэг, эхчүүдэд мэдээлэл өгөх үүднээс энэ удаад бид сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш болон чанарын талаар сурвалжиллаа. Юуны түрүүнд орон нутгийнхан төдийгүй нийслэлчүүдийн дийлэнх нь үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо. Учир нь, тус газарт үндэсний үйлдвэрлэгчдийн төдийгүй урд хөршөөс оруулж ирдэг дүрэмт хувцсыг борлуулдаг юм. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн дүрэмт хувцас зардаг цөөн хэдэн лангуу бий. Дийлэнх нь урд хөршийнхний хийсэн сурагчийн дүрэмт хувцсыг оруулж ирж борлуулдаг билээ. 

ЮАНИЙН ХАНШ ӨСӨӨГҮЙ УЧИР ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ

Хичээлийн шинэ жил дөхсөн учраас “Нарантуул” худалдааны төв аль хэдийнэ хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Ялангуяа сурагчийн дүрэмт хувцас зардаг лангуунууд бага болон дунд ангийн хүүхдүүдээ дагуулсан ээж, аавуудын хөлд дарагдсан харагдав. Энд Хятадаас оруулж ирсэн бага ангийн эрэгтэй, сурагчийн дүрэмт хувцсыг 40 мянга, охидынхыг 35 мянган төгрөгөөр худалдаалж байв. Харин ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцас 75-80 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчийн хийсэн дүрэмт хувцсаас хэд дахин бага үнэ ханш юм. Тийм ч учраас “Нарантуул” худалдааны төвийг зорьсон дийлэнх ээж, аавууд Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцас борлуулж буй газраар үйлчлүүлж байгаа харагдав. Ийм сонголт хийж буй шалтгааныг нь худалдан авагчдаас тодруулахад дөрвөн хүн тутмын гурав нь үнэ өртөг, дөрвөн хүн тутмын хоёр нь чанарыг нь харгалзаж сонголт хийдэг гэдгийг хэллээ. Тиймээс бид дүрэмт хувцас худалдаж буй Т.Оюунаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Энд зарж буй дүрэмт хувцасны ихэнх нь урдаас оруулж ирсэн. Хувийн үйлдвэрийн ганц хоёр лангуу бий. Урдаас ирж байгаа дүрэмт хувцасны хөвөн даавуу нь бага учраас бөөсөрдөггүй. Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хөвөн даавуу ихтэй тул хэд угаагаад л бөөсөрдөг гэж худалдан авагчид ярьдаг. Урдаас оруулж ирсэн дүрэмт хувцас үнэ ханшийн хувьд ч Монголд үйлдвэрлэж байгаагаас хямд байдаг юм. Тиймээс эцэг эхчүүд нэлээд худалдан авдаг болов уу. Юанийн ханш өсөөгүй учраас дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийнхээс нэмэгдээгүй” гэлээ.

ЗАРИМ ҮЙЛДВЭРЭЭС БОЛЖ “ДОТООДЫН ДҮРЭМТ ХУВЦАС ЧАНАР МУУ” ГЭСЭН ОЙЛГОЛТ БИЙ БОЛЖЭЭ

Үүний дараа бид өөрсдийн оёсон дүрэмт хувцсаа “Нарантуул” худалдааны төвд худалдаалж буй “Цагояа” үйлдвэрийн захирал Д.Оюунчимэгтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Энэ жил БСШУСЯ- аас дүрэмт хувцасны үнийг 62800 төгрөгөөр худалдаалах журам гаргасан. Энэхүү журмын дагуу тус үйлдвэр нэгдүгээр ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг 50, дунд ангийн сурагчийнхыг 70, ахлах ангийнх 90 мянган төгрөгөөр худалдаалж байгаа талаар танилцууллаа. Тэрбээр “Материалын чанарын тухайд урдаас оруулж ирсэн дүрэмт хувцаснаас хэд дахин илүү эдэлгээтэй. Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас томдох, багадах асуудал гарахад сольж өгөх бүрэн боломжтой” гэсэн юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхол олон нийтэд байдаг ч худалдан авах чадвар муу, мөн зарим үйлдвэр чанар муутай даавуу хэрэглэдгээс болж “Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас чанар муу” гэсэн ойлголт бий болсон талаар учирлав. Биднийг ийн ярилцах зуур хэд хэдэн хүн сурагчийн дүрэмт хувцасны үнэ, чанартай эсэхийг тодруулж байлаа. Гэхдээ худалдан авалт хийсэнгүй. Харин ойролцоох лангуунаас хэд хэдэн хүн дүрэмт хувцас худалдан авч байгаа харагдсан юм. Товчхондоо, “Нарантуул” худалдааны төвд БНХАУ- аас оруулж ирсэн дүрэмт хувцас эрэлт хэрэгцээтэй байлаа.

Д.ЭРДЭНЭТУЛГА: УРДААС ОРУУЛЖ ИРСЭН ДҮРЭМТ ХУВЦАС СОНГОСОН БОЛ ХҮҮХДЭДЭЭ ХУВАНЦАР ӨМСҮҮЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Бид “Нарантуул” худалдааны төвөөс гараад байнгын үйлчлүүлэгчтэй болсон “Бөмбөгөр” худалдааны төвд очсон юм. Мөн л ялгаагүй хөл хөдөлгөөн ихтэй. Энд тэндгүй л хүмүүс тэр, энэ хэд вэ гэцгээж байлаа. “Алтжин бөмбөгөр”-т хоёр компани дотоодын үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцсыг борлуулдаг юм байна. Нэг давхарт байрлах тасагт “Бүтээлч- Үйлс” компани бүх ангийн сурагчдын дүрэмт хувцсыг худалдаалж байсан. Нэлээд хүн худалдан авалт хийж байгаа харагдлаа. Энэ үеэр “Бүтээлч-Үйлс” компанийн ерөнхий менежер Д.Эрдэнэтулгатай цөөн хором ярилцлаа.

-Дотоодын үйлдвэрүүдийн хийсэн дүрэмт хувцас чанар муутай, материал нь хурдан гялайж, бөөсөрдөг гэж эцэг, эхчүүд шүүмжилж байна. Тухайлбал, танайх сурагчийн дүрэмт хувцсыг ямар материалаар үйлдвэрлэдэг вэ?

-БСШУСЯ-наас баталж өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сурагчийн дүрэмт хувцасны материалын 40 хувь нь хонины цэвэр ноос, 60 хувь нь полиэстер байдаг юм. Ийм харьцаатай хийснээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Материалынх нь 40 хувьд хонины цэвэр ноос оруулснаар хүүхдийн биед агаар сайн нэвтрүүлж, гадагшлуулдаг. Ноос орсон материал эхэндээ бөөсөрдөг тал бий. Шинэ байхдаа жижиг ширхгүүд нь даавуунаасаа унаагүй байдаг юм. Тэр нь хэрэглэх явцад гарч ирдэг гэсэн үг. Тиймээс түүнийг нь нэг удаа цэвэрлэсэн тохиолдолд дахиж бөөстөх асуудал гарахгүй. Үүнээс гадна хэрэглээ талд эцэг эхчүүд анхаарах ёстой. Дийлэнх эцэг, эх дүрэмт хувцсыг олон төрлийн хувцастай хамт угаалгын машинаар угаадаг. Энэ маш буруу.

-Тэгэхээр дүрэмт хувцсыг хэрхэн угаах ёстой юм бэ. Энэ талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх нь зүйтэй байх?

-Дүрэмт хувцас угаалгын заавартай. Тэр зааврынх нь дагуу угаавал бөөсөрч, гялайх асуудал гарахгүй гэдгийг дахин хэлье. Тодруулбал, бусад төрлийн хувцастай холихгүйгээр 30 хэмээс илүүгүй бүлээн усанд дангаар нь угаах ёстой. Ингэхдээ мушгиж базахгүй байх нь зүйтэй. Боломжтой бол хуурай хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлбэл ямар ч асуудал үүсэхгүй.

-Зарим эцэг эх БНХАУ-аас оруулж ирсэн дүрэмт хувцсыг илүү чанартай бас хямдхан гэж үзээд худалдан авалт хийдэг юм билээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ. Нэг төрлийн бизнес учраас энэ талаар судалж үзсэн болов уу?

-Хятадаас оруулж ирж буй дүрэмт хувцас 100 хувь нейлон материалтай байдаг. Ийм материал галд өртөмтгий, хурдан шатдаг. Мөн хүүхдийн биед агаар нэвтрүүлэхгүй, хөлсийг нь гадагшлуулдаггүй. Эрүүл ахуй талаасаа чанарын шаардлага хангадаггүй. Нэг ёсондоо хуванцар өмсөөд явж байна гэсэн үг. Мөн оёдол хийц талаасаа ч шаардлага хангадаггүй. Тухайлбал, монгол хүүхдийн биеийн онцлогт тааруулдаггүй. Материал муутай, оёдол хийц нь чанарын шаардлага хангахгүй учраас хямдхан үнэтэй байгаа юм. Урдаас оруулж ирсэн дүрэмт хувцсыг хүүхэд дээд тал нь таван сар л өмсдөг юм билээ. Индүүдэх явцдаа түлэх, хэрэглээний үед гялайх, бөөсрөх асуудал гардаг. Харин үндэсний үйлдвэрлэгчид монгол хүүхдээс хэмжээ авч, туршилт хийсний үндсэн дээр олноор нь үйлдвэрлэн нийлүүлж байгаа юм. Сүүлийн үед дотоодын үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үндсэн загварыг өөрчлөхгүйгээр нэмэлт шийдэл хийж өгдөг болсон.

-Танайх дүрэмт хувцсаа хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-41000-132600 төгрөгийн хооронд худалдаалж байна. Хүйс болон ангиасаа хамаарч харилцан адилгүй үнэтэй байгаа. Тухайлбал, бага ангийн эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 59500, эрэгтэй нь 81300 төгрөгийн үнэтэй. Дунд ангийн эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 96500, эрэгтэй нь 99300 төгрөгийн үнэтэй байна. Харин ахлах ангийн эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 122700, эрэгтэй нь 132600 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Манайх жилд 4-5 мянган дүрэмт хувцас үйлдвэрлэдэг.

-Худалдан авалт хэр байна вэ?

-Энэ сарын сүүлч буюу 20-ноос хойш л худалдан авалт эрчимжиж байна. Худалдан авалт ирэх сарын 1 хүртэл илүү нэмэгддэг. Манай үйлдвэр сурагчийн дүрэмт хувцсаа Улаанбаатар хотод арав гаруй салбараар дамжуулан худалдан авагчдад хүргэж байна. Тухайлбал, XI сургуулийн урд “Сурагчийн дүрэмт хувцас худалдаа”, “Баялаг- Ундраа” төвийн хоёр давхарт, Тэнгисийн талбай хуучнаар Ялалтын талбай, “Алтжин бөмбөгөр” зах, Хан- Уул дүүргийн Соёлын ордонд худалдаалдаг.

Материал муу, хэт үнэтэй гэх шүүмжлэлийг дагуулаад байсан дүрэмт хувцасны үнэ энэ жил нэмэгдээгүй, материалын хувьд илүү сайн чанарын даавуугаар үйлдвэрлэсэн гэж үйлдвэрлэгчид ярьж байлаа. Тухайлбал "Өүлэн менч" компани өмнөх жилүүдэд Солонгосоос материалаа захиалдаг байсан бол энэ жилээс Японоос авдаг болсон байна. Мөн "Бүтээлч үйлс", "Шилмэл загвар", "Бат зүү" компаниуд дүрэмт хувцасны материалын стандартын дагуу 40 хувь ноос, 60 хувь полиэстерээр үйлдвэрлэж, лабораторид шинжлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэжээ. Ийм байдлаар үндэсний үйлдвэрлэгчид сурагчийн дүрэмт хувцсыг хийдэг учраас үнийн хувьд урд хөршийнхөөс илүү байдаг аж. Урд хөрш болон дотоодын үйлдвэрлэгчдийн хийж буй дүрэмт хувцасны талаар эцэг эхчүүд ямар бодолтой явдгийг тодрууллаа.

ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ДОТРОО ЯЛГААТАЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ

Баянгол дүүргийн иргэн Т.Гандулам:- Дөрөвдүгээр ангид орох хүүдээ дүрэмт хувцас авах гээд өмсүүлж үзэж байна. Цамц, өмд, хүрэм бүгд нийлээд 81300 төгрөгийн үнэтэй байна. Үнийн хувьд боломжийн гэж боддог. Жил бүр ийм үнээр л худалдаж авдаг. Хүүхдийн дүрэмт хувцас дөрөв дэх жилдээ авч байна. Тэр бүртээ үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Гэхдээ хүүхдүүд дүрэмт хувцсаа яг нэг жил өмсдөг. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хүүхдийн өсөлт хөгжилт нөлөөлдөг. Хоёрдугаарт, материалын чанар муу учраас өдөр бүр өмсөөд байхаар гялайж, бөөгнөрдөг. Хоёрдугаар ангид нь ороход авсан дүрэмт хувцас үнэхээр муу материалтай байсан. Үйлдвэрүүдийнх дотроо ялгаатай байдаг юм билээ. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид цаашид материалынхаа чанарт илүү анхаарах нь зүйтэй.

ӨНГӨРСӨН ЖИЛ ХЯТАД, ЭНЭ УДААД ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙНХИЙГ СОНГОЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Энхжаргал: -XI ангид орох охиндоо дүрэмт хувцаснаас нь пиджак, цамц хоёрыг нь авах гэж байна. Нийтдээ 88500 төгрөг болж байна. Өнгөрсөн жил охиндоо “Нарантуул” худалдааны төвөөс дүрэмт хувцас авч өгсөн. Арай хямдхан байдаг болохоор нь тийм сонголт хийсэн юм. Гэтэл материал маш муутай байсан. Хэдхэн сар өмсөөд гялайгаад, материал нь бөөгнөрсөн. Гэхдээ юбканых нь материал их сайн юм билээ. Тийм болохоор хоёр дахь жилдээ өмсөх гэж байна. Энэ удаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр шийдсэн. Зарим хүн дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцас чанар муутай байдаг гэж ярьдаг юм билээ. Тийм байж магадгүй. Гэхдээ материал нь бөөгнөрөх, гялайх нь тухайн хүүхэд дүрэмт хувцсаа хэрхэн өмсч байгаа болон яаж угаах зэргээс хамаардаг юм шиг санагдсан.

ХЯТАДААС ОРУУЛЖ ИРСЭН НЬ ОЁДОЛ МУУТАЙ, ЦАХИЛГААН НЬ ХУРДАН ЭВДЭРДЭГ

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ө.Охиноо: -Би XI, манай дүү аравдугаар ангид орно. Өнгөрсөн жил дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцас авч өмссөн. Биед их эвтэйхэн санагдсан. Юм өмсөөгүй юм шиг гэж ярьдаг даа. Тэгж санагдсан шүү. Материал нь эхэндээ бага зэрэг бөөгнөрсөн. Тэрийг нь түүж авснаас хойш дахиж бөөгнөрөөгүй. Тийм болохоор энэ удаад дүүдээ дүрэмт хувцас сонирхож явна. Жакет, юбка хоёр нийлээд 98700 төгрөгийн үнэтэй байна. Нэг удаа аваад цэвэрхэн өмсвөл хоёр жил болчихдог юм. Манай ангийн зарим хүүхэд Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцас өмсдөг. Гэхдээ оёдол муутай. Тэр хэсгээрээ амархан урагддаг. Бас цахилгаан нь хурдан эвдэрчихдэг юм билээ.

С.Юмсүрэн

1.2 тэрбумын орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдаж байсан Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ
1.2 тэрбумын орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдаж байсан Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.