Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас 2016 оны дөрөвдүгээр сард саатуулж байв. Энэ тухайгаа АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа" гэх тайлбарыг өгч байсан юм.
Мөн түүнийг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутгаж байв.
2016 оноос шалгагдаж эхэлсэн хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж, долоон ч удаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс уг хэргийн товыг зарлаж, шүүгчээр С.Базарханд, шүүгдэгчээр Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс, улсын яллагчаар Ч.Отгонсүрэн, өмгөөлөгчөөр Ч.Болдбаатар, Д.Батсүх, гэрчээр Д.Батбэх нар оролцуулан хэлэлцэж, улмаар Р.Эрдэнэбүрэнг цагаатгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Р.Эрдэнэбүрэнг шүүхээс гэм буруугүй гэж үзэн, цагаатгах шийдвэр гаргасан аж.
Р.Эрдэнэбүрэн нь 2000 онд УИХ-ын гишүүн асан, "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж, улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2004 онд тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байжээ. 2008-2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад, 2011 оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилласан. 2012 онд Лондоны "Каплан Инт" коллежид суралцаж ирээд, 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.
Б.Анир
Zaluu.com