Залуу хүн байна даа, хааяа нэг хүн амьтантай танилцах үе гаралгүй яах вэ. Мэдээж залуучууд бид танилцсан даруйдаа биш ч дараа нэг өдрийг товлож болзох нь ойлгомжтой. Ингээд нэгэн удаагийн тохиолдлоор аятайхан бүсгүйг болзоонд урих завшаан тохиосон юм. Эмэгтэй хүнийг болзоонд урьсан хүн цэвэрхэн, бас дээр мөнгөтэй байх ёстой хэмээн хэд хоног мөнгө цуглуулж, бэлтгэлээ. Гэвч миний цэвэрхэн байдал хийгээд цуглуулсан мөнгө түүнд огт хамаа байсангүй, бас хэрэг ч болсонгүй. Учир нь тэрбээр нэг найзаасаа авсан гэх зүйлээрээ намайг дайлах гэж оролдсон юм. Дөнгөж 20 хүрч байсан түүнийг дэлхий нийтээрээ "Цагаан тахал" хэмээн нэрлээд буй хар тамхи хэрэглэдэг хэмээн хэн санах вэ. Хэдэн өдөр түүнтэй уулзах мөчийг хүлээн олсон хэдээ цааш нь хийж байсан би тэр өдөр ийм сонин зүйл болно гэж огт таамагласангүй.
Яг л үүн шиг хар тамхины хэрэглээ улам бүр залуужсаар байгаа аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч олны танил хүмүүс хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээлэл үе үехэн цацагддаг болсон. Гэвч хар тамхийг энгийн иргэд олны танил хүмүүст худалдаалдаг байна.
Манай улсын хувьд хоёр том гүрний дунд оршдог нь энэ төрлийн гэмт хэрэг “нутагших” шалтгаан болж байна. Учир нь манай хөршүүд дэлхийд опиумын тархалт ихтэй гэдгээрээ алдартай. Олон сая гаруй хэрэглэгчтэй, героин, кетамин, экстазийн худалдаа үлэмж их. Мөн метамфетамин болон каннабисын хэрэглээ өндөр, тархалт өргөн, амфетамины төрлийн сэргээгчийн үйлдвэрлэл нэмэгдсэн талаар НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурдсанаас үзэхэд манай улсад энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бодит аюул байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, манай улсад ч бэлээхэн мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац их. Ядаж сүүлийн жилүүдэд энэ төрлийн ургамлыг устгах ажил огт хийгдээгүй. Энэ нь аюулын харанга дэлдэх бас нэгэн томоохон шалтгаан болж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй энэ төрлийн гэмт хэргийн 50-60 хувийг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлж буй. Дээр нь орон нутгийн хууль сахиулах байгууллагын албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, арга дутмаг зэргээс нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадахгүй байгаа нь бас л нэг шалтгаан. Энэ төрлийн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эм бэлдмэл, бодист хийсэн дүгнэлтээр ихэнх хувийг мансууруулах ургамлын төрөлд орох каннабисын төрлийн ургамал, амфетамины сэргээгч бодис болох ICE буюу мөс, геройн, гашиш зэрэг бодис эзэлж байгаа ажээ.
Хүний хумсны 1/10-тэй тэнцэх мөс үзүүлэхэд л хамаг байдгаа дэлгэнэ
Нэгэн танилын маань ярьж байгаагаар хар тамхи идэвхтэй хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн 20-38 насныхан байдаг гэнэ. Мөн түүний ажигласнаар сүүлийн жилүүдэд улам л залуужиж байгаа бололтой. Харин 20-иос доош насны хүүхдүүд эхэндээ сонирхож үзээд л орчихдог байна. Улмаар донтож хар тамхинаас шууд хамааралтай болдог гэнэ. Ингээд ч зогсохгүй хар тамхинд донсон хүмүүс дахин хэрэглэхийн тулд юугаа ч өгөхөөс буцдахгүй болдог. Мөн хар тамхины нөлөө архи ууснаас илүү байдаг гэнэ.
Бас нэгэн албан бус эх сурвалж "Мөс буюу Ice-ын хэрэглээ маш их болж. Хүний хумсны 1/10-тайтэнцэхүйц жаахныг л 100 мянган төгрөгөөр зардаг. Гэвч хэрэглэж байгаа хүмүүс төдийлөн үнийг нь тоодоггүй. Ингэж хэлэхээр баячууд л хэрэглэдэг гэж ойлгодог. Тийм биш. Нийгмийн бүх давхаргынхан хэрэглэж байна. Мисс, мистерүүдээс эхлүүлээд өнөө маргаашаа яая даа гэсэн, хулгай хийдэг хүмүүс ч хэрэглэж байна. Эмэгтэйчүүд кайф авах гэж хэрэглэж байхад эрэгтэйчүүд ихэвчлэн хүүхэн найрах гэж хэрэглэж байна. Учир нь хумсыг 10 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний "мөс"-ийг дурын хүүхэндээ харуулахад л тэр чамд хамаг байдгаа дэлгэнэ" хэмээн ярьсан юм.
Ямартай ч энэ төрлийн гэмт хэрэг болон хэрэглээ тасрахгүй байгаа өнөө үед холбогдох албан байгууллагууд судалгаа шинжилгээний үүднээс аливаа арга хэмжээг авах хэрэгтэй байна. Энэ асуудлыг зөвхөн цагдаагийн байгууллагад үлдээж, баригдсан этгээдүүдэд арга хэмжээ авах төдийд л сэргийлээд байх юм бол хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр тун удахгүй "цагаан тахал" нийтийн хэрэглээ болох аюул нүүрлэх вий.