Монголын үе үеийн Засгийн газрын хамгийн сул дорой, шоовдор салбар нь Эрүүл мэнд спортын яам байсаар ирсэн бөгөөд одоо ч ийм арчаагүй хэвээрээ л байна. Дэлхийн аль ч улс орны төр засаг иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж, хамгийн шилдэг мэргэжилтнүүдээрээ удирдуулдаг бол манайд харин шал эсрэгээрээ, анагаах ухааны А-ч байхгүй, зөвхөн улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийн төлөө үхэн хатан гүйхэээс өөр юмгүй хүний гарт атгууулж, яам тамгын газрыг нь ах дүү хамаатан салдан, найз нөхдийн хүрээллээр дүүргэдэг болсон тул монголчууд өдрөөс өдөрт өвчин эмгэгийн гамшигт нэрвэгдсээр байгаа юм. Өдгөө манай улс зөвхөн хорт хавдарын өвчнөөр нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүн байрт жагсаж буй нь үүний нэг гол нотолгоо мөнөөс мөн.
Саяхан улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нэрээр хоёр хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан юм. Эмч нар нь талийгаачдад анх зүрх шилжүүлэн суулгах тухайгаа хэвлэл мэдээллээр зарлан тунхагласан боловч дараа нь харин гэнэт болиод зүрхний нээлттэй мэс засал хийхээр болсон байлаа. Тус эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч нар дээр гуравдугаар эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгаас хэдэн эмч нэмж ирүүлэн, эхлээд 64 настай нэг хүнд зүрхний гол судасны хавхлаг суулгах мэс засал хийжээ. Энэ үеэр урьдчилан тооцоолоогүйн гайгаар судас залгах зэрэг яаралтай өөр ажиллагаа хийхээс аргагүйд хүрсэн бололтой. Тэгээд зүрхийг нь хиймлээр зогсоогоод дахин сэргээх гэтэл өвчтөн нь мэс заслын ширээн дээр нас баржээ. Тэгвэл дараагийн 30 настай бас нэг өвчтөнд зүрхний тосгуурын таславчийнх нь цоорхойг нөхөх мэс засал хийсний дараа биеийн байдал нь хүндэрч, зүрх нь зогссон талаар мэргэжлийн зарим эмч нар тайлбарлаж байна. Гэвч эдгээр талийгаачдын үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тодорхойлох ёстой байтал эмч нар нь задлан шинжилгээнд оруулаагүй байжээ. Хууль зөрчсөн ийм зүй бус үйлдлээ харин нэгдүгээр төв эмнэлэгийн удирдлагууд “Талийгаачдын ар гэрийнхэн задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй” гэдгээр аргацаагаад өнгөрөөж байна.
Иймэрхүү өнгөлөн далдлалтын цаана сэтгүүлчээс өөр олигтой мэргэжилгүй сайдаар удирдуулсан тус салбарт олон жил бугшсан хэд хэдэн ноцтой зөрчил цухалзаад байгаа юм. Хамгийн ноцтой нь тухайн хоёр талийгаачид хийсэн зүрхний мэс заслыг урьд нь зүрхний хагалгаа хийж бараг үзээгүй залуухан эмчээр гардан хийлгэсэн явдал ажээ. Туршлагагүй залуу эмч нар мэс засалд оролцохдоо өөрсдөө бие даан хагалгаа хийхгүй нь мэдээж. Тэгвэл энэ удааа хоёрын хоёр талийгаачийн зүрхэнд хагалгаа хийсэн эмч нарын багийг хэний зөвшөөрлөөр, хэрхэн яаж бүрдүүлэв, яагаад мэс заслын гол ажлуудыг ямарч туршлагагүй эмчээр гардан хийлгэв гэх мэт олон асуудал гарч ирээд байна. Мөн зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ хэмээн яагаад худал мэдээлэл цацав. Тэгснээ яагаад гэнэт зүрхний тийм ердийн мэс засал хийх болов. Учир битүүлэг зүйлүүд ч зөндөө байгаа ажээ. Түүнчлэн мэс заслын зарим багаж хэрэгслүүд нь тэр үед дутуу байсан тул өөр бусад эмнэлэгүүдээс яаран сандран зөөж авчирсан нь мэс заслын ажиллагааанд сөргөөр нөлөөсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүхнээс анзаарахад сэтгүүлч Д.Сарангэрэл сайдын удирдсан тус салбарт хууль хэрэгждэггүй, туйлын хариуцлагагүйн гамшиг нүүрлээд байна.
Д.Сарангэрэл нь сайдын ажлыг хүлээж авсан цагаас өнөөг хүртэл яам, тамгын газар, томоохон эмнэлэгүүддээ голцуу өөрийнхөө танил талын болон намынхаа томчуудын шахаааны хүмүүсийг томилсон нь тиймэрхүү гай гамшиг улам даамжрахад ихээхэн нөлөөлсөн нь лавтай. Хаана дарга нарын ивээлийн хүмүүс бугшиж байна тэнд эмх замбараагүй байдал ноёлж, иргэд хохирсон хэрэг маргаан ер тасардаггүй билээ.
Д.Сарангэрэл сайд яамандаа баахан халаа сэлгээ хийж гуч гаруй хүнийг албан тушаалд залсан байдлыг нь сонирхож үзвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан Р.Оюунханд гэгчийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар, УИХ-ын гишүүн Ч.Улааны халаасны хүн гэгддэг М.Баттүвшинг Эмнэлэгийн тусламжийн газрын даргаар, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын найз Б.Цогтбаатарыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын найз Э.Содномжамцыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байх жишээтэй. Ер нь түүний хийсэн шинэ томилгоо нь бүгдээрээ аль нэг эрх мэдэлтний ойрын хүмүүс ажээ. Мөн улсын эмнэлэгүүдийн дарга нарыг яг ийм үзэмжээр томилж буй нь нууц биш болоод байна.
Эрүүл мэндийн салбарын байдал нэг иймэрхээ байгаа учраас дээрх хоёр хүний амийг авч одсон хариуцлагагүй мэс заслын балаг хэзээ нэгэнт цагт дахин давтагдахгүй гэсэн баталгаа даанч алга. Хамгийн харамсалтай нь зүрх шилжүүлэн суулгана хэмээн худал хэлсэн эмч нар нь хоёрын хоёр хүний аминд хүрчихээд байхад сайд Д.Сарангэрэл өнөөдөр юу ч болоогүй юм шиг чимээгүй сууж байна.
О.Баяр