Эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд шаардлагатай шинэчлэл бол улсын томоохон эмнэлгүүдийн удирдлагын томилгоо юм. Тиймээс энэ салбарын мэргэжилтнүүд Д.Сарангэрэл сайдыг шинэчлэлийг энэ ажлаас эхэлнэ хэмээн итгэж хүлээж байсан нь талаар боллоо. Учир нь, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаас бусад нь солигдоогүй, ажлаа үргэлжлүүлэх үр дүнгийн гэрээ хийсэн байна. ЭМЯ-наас жил бүр өөрийн харъяаллын 15 том эмнэлгийн оны ажлыг шалгаж, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэдэг юм байна. Гэтэл энэ шалгалтад бүдэрчихээд байгаа, тодруулбал, шалгалтаар 61 хувь буюу маш хангалтгүй дүн авсан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү албан тушаалдаа үлдсэн нь салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаад байна. Д.Нямхүү энэ эмнэлгийг хөлжих уурхай болгон ашиглахын хэрээр ажил нь улам доройтсоор буйг дээрх шалгалтын дүн батлачихаад байхад түүнийг үргэлжүүлэн ажиллуулах гэрээ хийгдсэнд эмнэлгийн үйл ажиллагаа, нэр хүнд шалдаа буутал унасан хариуцлагыг хуваалцаж буй тус эмнэлгийн 700 гаруй ажилтан ихэд эгдүүцэж байгаа аж.
Гэтэл Нямхүүгийн ХӨСҮТ-ээр баяжиж хөлжсөн тухай асуудал эртнээс эхтэй гэнэ. Энэ том байгууллагын удирдлагатай холбоотой хөрөнгө мөнгө завшсан асуудлууд удаа дараа босдог ч хэрхэн яаж шийдэгдсэн, хохирлыг хэрхэн барагдуулсан нь мэдэгдэхгүй, тэгсхийгээд дарагдаад өнгөрдөг. Гэтэл улсын онцгой обьектод тооцогддог ХӨСҮТ гэж шинэчлэгддэггүй, хөгждөггүй, үйлчилгээ нь сайжирдаггүй газар юм.
Албан тушаалаасаа ховхордоггүй, яг л “бурханд тавьсан нугалуур” шиг энэ нөхрийн өмнө нь холбогдож байсан хөрөнгө мөнгө завшсан асуудлуудаас цухас дурьдвал, тэрээр АТГ-аас хийсэн шалгалтаар өөртөө урамшуулал нэрээр 5.5 сая, илүү цагийн хөлс гэж 3.1 сая төгрөг завшсан. Сүрьеэгийн клиникийн засварын ажилд 10.8 сая төгрөг төсөвлөн, үнийн харьцуулалтгүйгээр танил компанитайгаа шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд илэрчээ. АТГ-аас илэрсэн зөрчлүүдийг арилгах, шамшигдуулсан мөнгөө улсад төлөх хариуцлага хүлээлгэх тухай албан тоотыг тухайн үеийн салбарын сайдад нь хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хэн ч, ямар ч хариуцлага хүлээгээгүй, хохирлоо барагдуулаагүй байгааг тус эмнэлгийн жирийн ажилтнууд ч ярьж байна.
Мөн томуугийн вакцинтай холбоотой улсад 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч өнөөдөр хүртэл Д.Нямхүү захирлын албан тушаалаа хашсаар л сууна. Тэрээр хөрөнгө мөнгө завших ажиллагаагаа том, жижиг гэж голдоггүй, сиймхий бүрийг сайн ашигладаг овжин нэгэн аж. ХӨСҮТ-ийн 700 гаруй ажилтан нэг бүрийн цалин, шинэ жилийн арга хэмжээний зардлаас гэхэд л “дансны арга”-аар 24.500.000 төгрөгийг хувьдаа завшсан байдаг.
Түүний шуналын сэдэлт бас нэгэн луйвар болох бусдын банкны барьцаанд буй эд хөрөнгийг хямд үнээр чөлөөлсөн нэрээр хуурч, зээл чөлөөлсөн үнийн дүнгээс хэт их мөнгө нэхэж, мөнгөө төлж чадахгүй хүмүүсийн орон сууцыг танил тал, найз нөхөдтэйгээ нийлэн өөрийн өмч болгон авсан тухай хэвлэлээр удаа дараа цацагдаж байв.
Ийнхүү сиймхий бүрийг ашиглаж хөрөнгө мөнгө завшихаас гадна энэ том байгууллагын ажлыг хуулийн дагуу хариуцлагатай, мэргэжлийн түвшинд удирдаж чаддаггүй нь тодорхой боллоо. Саяхан Баянзүрх дүүргийн НДГ-аас эрхэм захиралд нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд төлж, тайлангаа өгөхийг шаардсан албан шаардлага хүргүүлжээ. 2018 оны 4 сараас 5 сарын 30-ыг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 186.700.900 төгрөгийг энэ оны 6 сарын 15-ны дотор багтаах, шаардсан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохыг сануулсан байна. 700 гаруй ажилтан цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн үү, төлсөн бол тэр шимтгэлийн хураамж хаана төвлөрч байна, хугацаа хэтэрч, алданги тооцлоо гэхэд, энэ алдангийг Д.Нямхүү халааснаасаа төлөх үү, улсын онцгойд тооцогддог энэ байгуулагад удирдлага байна уу, гэх зэрэг олон чухал асуултууд хөндөгдөнө.
Гэтэл энэ хүн өнөөдөр ХӨСҮТ-ийг үргэлжлүүлэн удирдахаар салбарын яамтайгаа гэрээ хийсэн байх юм. Үе үеийн салбарын сайдууд ийм их хэмжээний, ийм олон удаа луйврын шинжтэй асуудалд хутгалдсан захирлыг яагаад энэ том байгууллагын захирлын албанд үлдээгээд байдаг юм бол? Яагаад энэ хүнд хууль үйлчилдэггүй юм бэ, эрүүл мэндийн салбарт Д.Нямхүүгийн хэмжээнд хүрч ажиллах мэргэжлийн боловсон хүчин байдаггүй юм уу?
Түүгээр ч барахгүй улсад учруулсан хохирол, идэж уусан асуудлаас гадна энэ том байгууллагын дотоодод Нямхүү захирал болон түүнийг тойрон хүрээлэгчдийн дарамтаас үүссэн ажилтнуудын гомдол, хохирол, ажлын байрны дарамт, мэргэжлийн бус хүнийг томилсон томилгоонууд хэрээс хэтэрчээ. Энэ нь ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар ч батлагдана.
Дашрам сануулахад, халдвар хамгааллын онцгой дэглэмтэй ХӨСҮТ-ийн эргэн тойрны газруудыг зарахыг нь зарж, өөрийн болгосон гэх юм билээ. Энэ асуудлыг ч АТГ болон холбогдох хуулийн байгууллага шалгахад ч гэмгүй санагдана