Өнгөрөгч баасан гарагт парламентын үйл ажиллагаа бүхэлдээ хоёр гишүүнээ авч үлдэх эсэхийг шийдэхэд зориулагдсан гэж хэлж болохоор байлаа. Тодруулбал, Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын даргад албан ёсоор хүсэлтээ ирүүлсэн. Холбогдох хуулийн дагуу хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх учиртай бөгөөд баасан гарагийн 17:00 цагт дуусгавар болох байв.
Тиймээс гишүүдийг эгүүлэн татах асуудлаар эхлээд УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэж, дараа нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын хороонд санал дүгнэлтээ танилцуулсан. Ингээд Төрийн байгууллагын байнгын хорооны дүгнэлтийг УИх-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, эцэст нь чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан.
УИХ-ын чуулганы хуралдаанаар эхлээд Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үг хэлсэн юм. Тэрбээр, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол УИХ-аар хэлэлцэж, түдгэлзэх эсэхийг нь шийд гэсэн ойлгомжтой заалттай. Тиймээс Үндсэн хуулийн заалт болон бусад хуулийн дагуу энэ асуудлыг оруулж ирж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д. Оюунхорол:
-Парламентад 13 эмэгтэй гишүүн, 13.7 хувийг бүрдүүлж байна. Бид эмэгтэйчүүдийн хувьд дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийн хэрэг хийсэн болон завдсан аливаа хэргийн эсрэг дуугарах болно. УИХ-ын нийт гишүүдэд тэднийг хаацайлах эрх байхгүй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмаа бариасай. Охид эмэгтэйчүүдээ хүчирхийллээ хамгаалахад өнөөдрийн энэ танхимаас гарах шийдвэр үлгэр дуурайлал болно. Хүчирхийллийн эсрэг хууль шинэхнээрээ, “будаг нь хатаагүй” байна. Энэ хуулиа хэрэгжүүлэх ёстой. Нийгэмд дуулиантай хэргүүд, зарим нь үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхлын байдлаар тархаж байна.
Дарагдаад алга болдог мэдээллүүд ч олон байна. Ийм хэрэг оруулж ирж байгаа хууль, прокурорын байгууллага нягталж шалгаж тогтоосноо Байнгын хороон дээр хэллээ. Монголын парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ гишүүндээ хариуцлага тооцож байсан удаатай. Энэ удаад ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулах ёстой. Эцсийн шийдвэр гаргаад явуулах гэж байгаа хэрэг биш гэж ойлгож байна. Шалгуулчхаад буцаад ороод ирэх боломж үлдсэн байх. Дэгийн хуулийг өөрөөр тайлбарлах оролдлого анзаарагдаж байна. Охид, эмэгтэйчүүдээ гэмт хэргээс хамгаалах үүднээс сайтар нягталж шийдээсэй гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ:
-Парламентын түүхэнд энэ өдөр хар өдөр болж үлдэх байх. Прокурорыг хүндэтгэж байна. Гэхдээ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд бүхэн тэгш эрхтэй. Мөнгөтэй мөнгөгүй, хэдэн удаа сонгогдсон, сайд эсэх хамаагүй. Авлигатай холбоотой асуудлаар нэр нь дурдагдаад шийдэгдэхгүй байгаа гишүүдийн офшортой, луйвартай холбоотой асуудлыг ч бас Прокурор оруулж ирээрэй.
Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудлыг бас оруулж ирээрэй. Энэ бол төрийн том жишиг болж үлдэнэ. Прокурор ялгаваргүй ажиллаж байна гэж олон нийт харж байна. Бондын зарцуулалт, Хөгжлийн банктай холбоотой, сая сая ам.доллартай холбоотой асуудлын талаар яагаад орж ирэхгүй байна вэ. Хуулийн өмнө бие биеэ алагчилж үзэж болохгүй. Тэгш хандаарай. Энэ бол судлагдахуун болж үлдэнэ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Хоёр гишүүн маань охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэх асуудалд холбогдсон. Халдашгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар энэ хоёр гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч хоёр байнгын хороо харамсалтай нь өөр шийдвэр гарсан. Уг нь энэ парламент энэ хоёр хүнийг гэм буруутай эсэх хууль хяналтын байгууллагаар шалгуулаад үнэн зөвөө шийдүүлж, шалгуулаад ирэх боломжийг нь гаргах ёстой. Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн бид саяхан баталж гаргасан. Охид, эмэгтэйчүүдээ бодоод энэ залуучууд хэрэг үйлдээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулаад хүрээд ир. Энэ парламент ч ийм боломж олгож, түдгэлзүүлэх ёстой. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Ард түмэн харж байгаа шүү, эрэгтэй гишүүд ээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Улс төрийн шийдэл рүү явчих вий гэж харж байна. Парламентын түүхэнд гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тухай ярьж байгаа нь үнэн. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн улмаас тэр аймшигт асуудлыг хөндөн ингэж хэлэлцэж байсан. Өнөөдөр Прокурорын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг я‘агаад дагаж мөрдөхгүй орохгүй байна вэ. Энэ зүйлийн дагуу Улсын ерөнхий прокурор жилд нэгээс доошгүй удаа мэдээлэл хийх ёстой. Үүнийг дагаж мөрдөх, байнга мэдээллээр хангаж, харилцаатай байх ёстой.
Нөгөөтээгүүр улстөрийн зорилготой үйл ажиллагаа байх вий гэсэн эргэлзээ байгаатай санал нэг байна. Улсын ерөнхий прокурорын нүүрийг өнөөдөр л энэ асуудлаас болж нүүр харж байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэж ам тагладаг. Тэр байгууллагатай шууд харилцаж зөв мэдээлэл олж авдаг баймаар байна. Тэгж байж зөв шийдвэр гаргана.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Парламентын ёс зүйн хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйг дагаж ажиллах хэрэгтэй. Парламентын гишүүд мэргэжлийн үүднээс эрх зүйт төрд ажиллаж зөв шударга нийгмийн төлөө ажиллаж байна. Энд хувь хүний алдаа гаргах эрх байхгүй. ёс зүйн алдаа гаргасан энэ хүнийг өмөөрөх боломжгүй. Парламентад насны босго тогтоох ёстой энэ сайн жишгийг цаашид парламентыг төлөвшүүлэхэд хэрэглэхэд болохгүй гэж зүйлгүй. Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас үргэлж дор байдаг. Тиймээс нийтийн эрх ашгийг хүндэлж хууль ёсоор шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Ингээд УИХ-ын гишүүдээс горимын санал гаргасан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эмэгтэй гишүүдийн зүгээс энэ удаагийн санал хураалтыг ил эсвэл цаасаар явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүчирхийлэл, хүчингийн хэрэг хоёрыг тус тусад нь ялгаж, салгах хэрэгтэй. Энэ хоёр өөрөө хоёр өөр ойлголт учраас санал хураалтыг ил тодоор явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргасан юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Санал хураалтыг нууцаар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Хуульд санал хураалтыг нууцаар явуулна гэсэн учраас илээр явуулах боломжгүй бөгөөд цаасаар санал хураалгана уу" гэсэн горимын санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг цаасаар санал хураахаар болсон.
УИХ-ын Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад нийт 57 гишүүн оролцож, гишүүдийн олонх 33 гишүүн буюу 57.9 хувь нь дэмжинэ, 24 гишүүн буюу 42.1 хувь дэмжихгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн 57.9 хувь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Дараа нь УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөнгөж сая санал хураалт явуулахад гишүүд нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжээгүй юм.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"