Монголын төрд ус агаар шиг үгүйлэгдэж буй ХАРИУЦЛАГА гэдэг юмыг эргүүлэн авчирна хэмээн том дуугарсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаас асуух зүйл байна.
Та үнэхээр л төрд хариуцлага хэрэгтэй байгааг гүнээ ухамсарласан юм бол чухам яагаад Монгол төийн протоколын үйлчилгээг угаадасны түмпэнтэй хутгаж, зоосны нүхээр харахыг бусдад зөвшөөрөөд байгаа юм бэ? Ингэж асуух болсон нь учиртай. Юу гэхээр сүүлийн үед төрийн протоколын үйлчилгээг “Скай Катеринг” ХХК-ийн захирал М.Болормаагийн удирдсан хэсэг бүлэг хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны нэрийг барин Буянт-Ухаа дахь нисэх онгоцны засварын газрын зориулалтын бус 3 өрөө байранд эрхлэн явуулж байна. Сая сүүлд гэхэд таны урилгаар Монгол Улсад ирсэн Турк Улсын төрийн дээд хэмжээний зочны онцгой үүргийн онгоцны зорчигчийн хоолыг “Скай Катеринг” ХХК-ийн нөхдүүд хийхдээ улс орныхоо нэрийг түллээ. Шөнийн 03.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл хийсэн хоол нь шаардлага хангахгүй байсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэлээд өгч байгаа юм.
Ерөнхий сайд аа, одоо таны Их тэнгэр цогцолборт зохион байгуулах гэж байгаа 170 хүний хоолны үйлчилгээг дахиад л Буянт-Ухаа дахь нисэх онгоцны засварын газрын зориулалтын бус 3 өрөө байранд хийж, үйлчлэх гэж байна. Ер нь цаашид мөнгө л олж байвал төрийн үйлчилгээгээ Нарантуул захын цайны газар, наадмын хуушуурын гэрээс ч хийж, үйлчлэж болох нь байна шүү гэсэн бодол эрхгүй төрж байна.
Төрийн үйлчилгээг 1951 оноос өнөөг хүртэл үйлчилгээний 4 одын зэрэглэлтэй 130 ажиллагсадтай Их тэнгэр цогцолборт тасралтгүй хийж ирсэн. Монгол Улсад болж буй төрийн бүхий л өндөр дээд хэмжээний арга хэмжээнүүдийн үйлчилгээг хийж, улс орныхоо нүүрийг тахлаж ирсэн байгууллага яагаад Ерөнхий сайд танд гологдов.
Та арай өөр зүйлээр бизнес хийвэл зүгээр байна. “Скай Катеринг” ХХК-ийн захирал М.Болормаа гэж таны нэрийг барих дуртай хүнд Монгол төр дархан эрх эдлүүлэх ёстой юу? М.Болормааг нисэх буудлын хаалттай бүст байнга ажиллахад орох зөвшөөрлийг нь эрхэм генерал н.Сэргэлэн олгохдоо, хилийн ажиллагсдаа дарамтлан тушаасан тухай ч хэлэх эх сурвалжууд бий.
Ерөнхий сайд Та хариуцлагатай төрийг байгуулж Монгол түмэндээ харуулна гэсэн энэ үү?
эх сурвалж: Nambus.mn