Олны нэрлэдгээр шинэ төмөр зам төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийг хэрэгжүүлэх үедээ "Монголын Төмөр Зам" компаний хөрөнгийг завшсан, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компаний зургийн инженер асан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 5 сарын 29-нээс эхлэн хэлэлцэж, 31-нд шийдвэрээ гаргажээ.
Уг шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан хэлэлцсэн хурлаас төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан гэх үндэслэлээр буруутгагдаад байсан Гу Ду Хёонд тулгасан ялыг хэрэгсэхгүй болгосон байна.
Харин “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг гэм буруутайд тооцон, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Учир нь хохирогч "Монголын Төмөр зам" компанийхан гомдолгүй гэсэн тул нийт завшсан байж мэдэх мөнгөн дүнгийнх нь 20 хувьд ч хүрэхгүй төгрөгөөр торгосон гэнэ.
Дашрамд дурьдахад уг хэрэгт холбогдон шалгуулж байсан Зам, тээврийн сайд асан, А.Гансүх, ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгож, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ оргон зайлсан тул хэргийг нь тусгаарлан шалгаж буй юм.
П.Мандах