Сая хол давсан хүнтэй нийслэл Улаанбаатарын өнгө төрх үнэн хэрэгтээ нэг л гундуухан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хүн амынхаа тоогоор метрополис хотын хэмжээнд хүрлээ гэгдсэн өнөө цагийн Улаанбаатарын бодит байдлыг харвал хүүхэд залууст нь чөлөөт цагаа өнгөрөөх олигтой газар ч олдохгүй, өмнөх нийгмийн үед тэдэнд зориулагдан байгуулагдаж асан ХҮҮХДИЙН ПАРК нь олигархиудын гарт орсон эмгэнэлтэй дүр зураг ноёлж буй. Чанар нь эргэлзээтэй баахан барилга булан тохой бүрт шахуу л уралдан бариад байхаас биш нийгэм рүүгээ чиглэсэн, хүүхэд залуусынхаа ирээдүйд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь тун бага юм. Ядаж л олон арван жилийн туршид Монголын хүүхдүүдийн “өмч” байсан Хүүхдийн паркийг хүүхдүүдэд бүрэн үлдээж, хүүхэд залуусын ирээдүйд хэрэгтэй, шаардлагатай байгаа ажлуудыг хиймээр байна шүү дээ.
Уг нь Хүүхдийн парк гэх тодотголтой газрын нийт хэмжээ 35 га гэгддэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд залууст тэр газраас нь ердөө л 4 га газар ногдож буй. Нөгөөх 31 га газар дээр нь “Мон-Уран”, “Бодь”, MCS, “Сөүл” групп, “Шунхлай” гэхчлэн бүхий л томоохон компаниудын бизнес цэцэглэж ирснийг хэвлэлийнхэн олонтаа бичиж, нийтлэсэн байдаг. Өөрсдийгөө баялаг бүтээгчид гэж тодотгодог бизнесийн акулууд үнэн хэрэгтээ хүүхдүүдээс ирээдүйг нь булаасан балагтай үйлдэлд томоохон оролцоотой байгааг илтгэх том жишээ бол энэ мөн. Тэгвэл Монголын рок поп урлагийн акулуудын нэг “Никитон” хамтлагийнхан Хүүхдийн паркийг томчуудын зугаа цэнгээний үүр болгон хувиргасан үйлдлийг ч бас гаргаж байна.
Зүй нь урлагийнхан жинхэнэ утгаараа нийгэмд үлгэрлэх ёстой үүргийг хүлээсэн байдаг. Тэрчлэн Хүүхдийн паркийн газрыг хүүхдүүдэд нь үлдээе гэж дуугарах ёстой урлагийн томоохон төлөөлөл болсон “Никитон” хамтлаг Монголдоо цор ганц хүүхдийн парк дотор баар нээн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь тун харамсалтай хэрэг юм. Тодотгоход, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хүүхдийн парк дотор NICITON LIVE MUSIC CLUB нээлтээ хийсэн юм. Тэд танилцуулгадаа долоо хоног бүрийн баасан гарагт НИКИТОН хамтлаг өөрийн бүрэн хэмжээний тоглолтыг зориулахаас гадна даваа, мягмар, лхагва, пүрэв гарагуудад "The Cover Band” хамтлагийн амьд тоглолт, бямба гараг бүр Монголын рок попын оддын бүрэн хэмжээний тоглолтууд тоглох гэсэн байсан. Харамсалтай нь эдгээр бүх өдрүүддээ архи согтууруулах ундаагаар үйлчилж, Хүүхдийн паркийг Хөлчүү шоучдын цэнгээний газар болгож байгаа нь “Никитон” хамтлагийг тун муухай харагдуулж байна.
Улаанбаатарт баар, клуб ажиллуулчих газар бишгүй дээ л баймаар. Заавал Хүүхдийн паркийг хүүхдүүдтэй нь хамт ингэж муу муухайтай хутгах хэрэг байхгүй л баймаар. Үнэхээр л урлагт хайртай, хөгжимд дуртай хүмүүсийг цуглуулах клуб цэнгээний газар нээх гээд байгаа юм бол хотын хаана ч гэсэн ажиллуулахад, тэд чинь яваад л очно. Гэтэл заавал Хүүхдийн паркийг зайдагнан, хүүхдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь төлөө “Никитон” хамтлагт эмгэнэл илэрхийлмээр байна.
Урлагийн хүмүүс уг нь их уян зөөлөн байдаг гэдэг дээ. Хэрэв үнэхээр тийм бол хүүхдүүдэд халтай зүйл хийж буйгаа эрхбиш эргэж нэг хараасай билээ. Мөн нийслэлийн болоод холбогдох байгууллагын удирдлагууд Хүүхдийн парктай холбоотой асуудлыг бодитоор нэг харж, шийдвэр гаргах цаг болсныг сануулъя. Нийгмээрээ нийтээрээ сошиал орчны хэт хамаарал бүхий өвчний шинж тэмдэгтэй болж, хүүхэд залуус нь компьютер тоглоомын бүгчим өрөөнд өдөр шөнийг өнгөрөөж, ягтаа тулахаараа эмнэлгийн хаалгаар орж буй харамсалтай байдал элбэгшлээ. Ийм л үед Хүүхэд залуус руугаа чиглэсэн дорвитой даацтай алхмуудыг хийх хэрэгтэй шүү дээ. Тэрчлэн Хүүхдүүдэд Паркийг нь бүрэн бүтнээр нь буцаан авч өгч, тэр бүх 35 га газрыг хүүхдүүдийн хөгжлийн төлөө зориулъя л даа. Яаж л бол яаж, ямар л бол ямар аргаар хүүхэд залуусын хөгжлийн төлөөх үйлсийг хийж болно. Хэрэгтэй хэрэггүй баахан өр тавьдаг улстөрчид Хүүхдийн паркийн 35 га газар дээр хүүхэд залуусын хөгжлийн төлөөх цогц ажлыг хийж яагаад болохгүй гэж. Хүүхдүүдэд юу дутагдаж байна? Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрөөх, өөрсдийгөө хөгжүүлэх, сайхан найзлаж нөхөрлөх, зөв үлгэр дуурайлал бусдаас авахад юу хэрэгтэй байгаа вэ гэдэгт анхаарал хандуул л даа. Хэрэв үнэхээр тэгж сэтгэл гаргаж харвал “Никитон” гэхчлэн нэр сүртэй гэгдэх хамтлагийн нөхдүүд Хүүхдийн паркийг архины мухлаг шиг санахгүй, тэгж зүрхлэхгүй л дээ.
Хүүхдүүдээс сайн сайхан ирээдүйг нь булаана гэдэг хамгийн том нүгэл билээ. Хүүхдийн төлөө хийх ажил их байна гэцгээх мөртлөө хэрэг дээрээ тэднээс ая таатай байх, хөгжих, баясах, бие биетэйгээ ойр байх, сайхан дурсамжууд бүтээх ирээдүйг нь, орчныг нь томчууд нь булаасаар байгаа нь тун харамсалтай хэрэг юм. Сошиалаар бол нэг л их ухаалаг гэгээлэг зүйлс ярих томчууд үнэн хэрэгтээ хүүхдүүдээс ирээдүйг нь хулгайлж байгаа жишээг “Никитон”-ы үйлдэл харуулж байна. Хүүхдийн паркийг хөлчүү шоучдын цэнгээний газар болгож буй “Никитон” хамтлагт эмгэнэл илэрхийлье!
Шуурхай.мн