Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АПУ”-ГИЙНХАН БОГДЫН МУЗЕЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭЭС САВРАА ТАТ

“АПУ”-гийнхан Богдын музейн хамгаалалтын бүсээс савраа тат
Үүх түүхээ мэддэггүй, дээдэлдэггүй, хайрладаггүй ард түмэн түүхээ ул мөргүй устгадаг гэдэг. Одоо бүр түүхэн дурсгалт газрыг хууль бусаар эзэмшихээр их мөнгө, эрх дархаараа айлган сүрдүүлж авдаг, тусгай хамгаалалттай газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьдаг үйлдэл их гарч байна.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд "АПУ ХК" хууль бусаар газар эзэмшиж, эдүгээ шоу цэнгээний зориулалттай асар барих зэргээр дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрчээ. Богд хааны ордон бол агуу түүхтэй Монгол Улс дахь цор ганц хааны ордон. Бид хайрлаж, хамгаалахгүй тэмцэхгүй бол өөр хэн хайрлаж хамгаалах билээ.

Энэхүү хууль бус үйлдлийг Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар энэхүү хууль бус үйлдлийг ихэд шүүмжилж эсэргүүцэж байгаа юм. Тэрбээр “АПУ гэдэг архины үйлдвэрийнхэн, энэ даварсан үйлдлээ больсон нь дээр байхаа. Манай нагац өвөө Өвөрхангайн хүн. Яг энэ ордныг хамгаалж байсан хүний хүү гэдэг юм. Гамин тойрч байгаад буудсан сумны ором нь энэ байна гээд гаднах хашаан дээрх сумны ором харуулдаг байлаа. Түүхээ бүү март монголчуудаа, мартвал та нарыг түүхийн хатуу шүүх үеийн үед дагаж яваад үр удмаас чинь ял асууна. Бүү март. Одоо энэ шунал тачаал элдэв ашиг хонжоо хайсан үйлдлээ жаахан татвал яасан юм бэ, баячуудаа. Та нарын өмнөх үеийн чинь туулж өнгөрөөсөн түүх гэж юм бий, та нарын дараа үед чинь амьдрах улс орон чинь, байг гэхэд үр удам чинь бий. Их Чингис хаан дэлхийг хураачихаад явахдаа нэг л дээлтэй явсан юм гэнэ билээ. Тэр дээл нь одоо бидний амьдарч аж төрж буй Монгол Улс. Тасарсан хэлхээг залгасан нь Богд гэгээн юм шүү. Энэ орчныг ариун тансаг байлга. Хотын захиргааны хэдэн нөхөд үүнд анхаарлаа хандуул. Мөнгөнд бүү оосорлуул. Түүхээ бас ирээдүйгээ бод” гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Урсгалгүй ус ширгэж, тэмцэлгүй ард мөхдөг хэмээх өвгөдийн үг бий. Түүх соёл, өв уламжлалаа дээдлэгч хүн бүр тэмцэхгүй бол соёлын өв энэ мэтээр шоовдорлогдсоор устаж үгүй болох нь. 
Тиймээс "АПУ ХК"-ийнхаан түүх соёлын өв рүү дайрсан савраа тат, түүхэд  харшилсан бусармаг үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Эцэст нь хэлэхэд бидэнд түүх соёл хэрэгтэй юу, баар цэнгээний газар хэрэгтэй юу гэдгийг тунгааж бодож үзээрэй.


О.Сайхан
Оллоо.mn 
Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ
Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.