ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтын эхэнд дэд сайд Ж.Сауле: "Монгол Улс болон АНУ-ын хооронд худалдааны харилцааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, бизнесийн хүрээний тулгамдсан асуудлыг хэлэлцэх чиглэлээр чухал уулзалтыг тогтмол зохион байгуулж Монгол дахь Америкийн худалдааны танхимынханд талархал илэрхийлье" гээд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, өнөөгийн байдал, цаашдын зорилт, хөрөнгө оруулах боломжийн талаар илтгэл танилцуулсан юм.
АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер: “ХХААХҮЯ мал аж ахуйн үйлдвэрлэлээ төрөлжүүлж, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээж, нэмүү өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлд бодит ажлууд хэрэгжүүлж буйг бид ихээхэн үнэлж байна. Уул уурхайн бус салбаруудаас ажлын байр нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр импортыг орлуулах зэрэг эдийн засгийн асар их ач холбогдол бүхий хөгжлийн асуудалд хөдөө аж ахуйн салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг. Цаашид АмЧам Монгол дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, найдвартай бас хүчирхэг салбарыг бүрдүүлэхэд ХХААХҮЯ болон энэ салбарт ажилладаг гишүүдтэйгээ нягт уялдаатай хамтран ажиллах болно” гэдгээ хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр нь ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлж, жилд 14 орчим их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар. ХХААХҮЯ-ны зүгээс хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангахыг зорьж байгаа бөгөөд тариан талбай, малчны хотноос хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх шатанд чанар, аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулж байна.
Цаашид зарим нэр төрлийн буурцаг, жимс, цагаан будаа зэрэг дотооддоо үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Мөн органик мах, сүү, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуйн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэрлэлт 21:100”,”Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Ноолуур” гэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн салбарын эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор мах, сүү, төмс, хүнсний ногоо гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс нэр бүхий есөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газраас бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт эрсдэл багатай бизнес эрхлэх боломжоор хангах, салбарын онцлогт тохирсон хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх шаардлагатай. Ийнхүү салбарын бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа туйлын чухал бөгөөд нягт хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцогчдод хандан хэллээ.
Уулзалтын төгсгөлд, жижиг, дунд үйлдвэрлэлд олгож буй зээл, махны экспорт, бэлчээрийн доройтол, ноолуурын үйлдвэрлэл асуудлаар бизнес эрхлэгчид, гадаадын төлөөлөгчид дэд сайд Ж.Сауле болон яамны холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Махны экспортын тухайд, 2017 онд ОХУ, БНХАУ, Япон, Казакстан, Иран, Катар гэсэн зургаан улсад нийт 29,32 мянган тонн мах экспортолсон. 2018 онд нийт 164.9 мянган тонн мах экспортлох боломж байна.
2018-2021 онд хэрэгжих “Ноолуур хөтөлбөр” үндэсний хөтөлбөр нь ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр 2021 он гэхэд 5409,7 тонн угаасан ноолуур, 571,4 тонн самнасан ноолуур экспортод гаргаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байгаагаа энэ үеэр дэд сайд Ж.Сауле мэдэгдлээ.
Бэлчээрийн даац, малын тоо толгойг уялдуулах нь зүйтэй, энэ ч үүднээс Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар бий болгох талаар судалж байна гэж ХХААХҮЯ-ны бэлчээр ашиглалт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ.
Одоогийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нийт 800 тэрбум төгрөгийн санхүүжилт авахыг хүссэн 1000 гаруй төсөл ирсэн. Эдгээр төслөөс Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй уялдсан, улс орны эдийн засагт тодорхой өөрчлөлт гарах, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эргэн төлөх чадвартай байх зэрэг шалгуураар ирүүлсэн төслүүдийг судалж байна гэж тус сангийн дэд захирал А.Амаржаргал хэлсэн юм.