Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан бямба гаригт болж, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Ч.Санжаадамба үзүүрлэв. МҮБХ-ны шинэ удирдлагууд тамга тэмдгээ авснаас хойш болж буй анхны барилдаан юм. Энэ барилдааны тавын даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэ, начин Л.Цэрэнтогтохыг амалж барилдан давсан. Нэг нутгийн хоёр хүчтэн харгүй сайхан барилдсан л даа. Удалгүй Монгол бөхийн өргөөнд ирсэн үзэгчдийн уурыг барсан нь Л.Цэрэнтогтох начин тахимаа ном журмын дагуу өгөөгүй юм. Гарьд Ж.Бат-Эрдэнэ цол, эрэмбэ илүү бөхийн хувьд тахим авах зөв сануулга өгсөн бөгөөд Л.Цэрэнтогтох начин учраа бөх, үзэгч олныг ихэд чилээлгэн байж тахимаа өгсөн. Жилийн өмнө арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын дунд яг ийм байдал үүссэн ч холбооноос тухайн үед ямар ч арга хэмжээ аваагүй юм. Энэ мэт ёс зүйгүй үйлдэл Монгол бөхийн дэвжээн дээр гарсаар л байна. МҮБХ-ны шинэ удирдлагууд үүнийг зогсоох тал дээр арга хэмжээ авч ажиллах вэ. Японы мэргэжлийн сүмо шиг хатуу хариуцлага тооцох уу, эсвэл өмнө холбооны удирдлагууд шиг толгойг нь илээд өнгөрөх үү.

Л.Цэрэнтогтох начин олны уурыг барав