Голомт банк нь харилцагчдынхаа бизнесийн амжилтад бодитой хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Next Champions” форумыг амжилттай зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээний үеэр монголын ТОП-600 ААН-ээс санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, сайн засаглалын үлгэр дуурайллаараа бизнесийн салбарт өндөр амжилт үзүүлж буй Тэнүүн-Огоо ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Мон-Бэйкери ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ариунбат, Шилэн хийц ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гантулга, Түмэн Шувуут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд нар “NEXT CHAMPIONS”-оор тодорсон юм.
Монголын бизнесийн салбарт төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болох шилдэг туршлага, ур чадварыг эзэмшсэн “NEXT CHAMPION” Мон-Бэйкери ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ариунбаттай ярилцлаа.
Бизнесийн анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ?
1995 онд анх бизнесээ эхлүүлж байхад бидэнд буцах зам байгаагүй. Учир нь энэ бол бидний хувьд бизнес гэхээсээ илүү амьдрал ахуйгаа залгуулах арга зам байсан юм. Тухайн үед хүн бүр мөнгө олж болох бүхий л зүйл рүү зүтгэдэг үе байжээ.
Харин одоогийн залуучуудад бизнесээ эхлүүлэхэд нь тус болох онол, практикийн асар их мэдээлэл байгаа нь зөв сонголт, хөрөнгө оруулалт хийж, амжилттай бизнесээ эхлүүлэх давуу тал болж байгаад баярлаж явдаг.
Сөүлийн гудамжинд байрладаг нарийн боовны жижиг дэлгүүр (цөөхөн ажилтан, дийлэхүйц хөрөнгө оруулалт, амт чанар, өнгө үнэр) сэтгэлд нэг л ойрхон санагдаад 2-3 жил ажиглаж билээ. Нэг л өдөр шийдвэрээ гаргаснаар одоогийн MONBAKERY компани үүдээ нээсэн юм. Салбартаа үнэнч байж, бий болгосон багахан нэмүү өртгөө бизнесийн тэлэлтэд байнга оруулж ирсэн нь өнөөдрийн багахан амжилтын маань үндэс болсон гэж бодож байна.
Бэрхшээлийг давсан түүхээсээ хуваалцвал?
Анх бизнесээ сайн мэдэхгүй, үйлдвэрлэлийн зөв процесс хэрхэн явагдах, хөрөнгө оруулалтыг яаж зөв байршуулах зэрэг гол мэдлэг дутуу байсан нь бэрхшээл дагуулдаг байсан. Тухайн үед бид цоо шинэ зүйлийг бий болгох бараг боломжгүй үе байлаа. Иймд даган дуурайх бизнес модел, сайн жишээ бүрийг судалж, хөгжсөн орны жижиг дунд бизнесийн үйл явцаас суралцаж хэрэгжүүлж байсан минь сайнаар нөлөөлсөн гэж боддог.
Таныг бизнест замчилдаг зарчим?
Хийвэл чин сэтгэлээсээ хийж, эхэлсэн л бол зогсох боломжгүйг тооцдог гэхүү дээ....
Таны бизнесийн амжилтын томъёо юу вэ?
Монгол Улс маань 3 сая хүн амтай, жижиг зах зээлтэй мэт боловч үйлчилгээний салбарт томоохон орон зай байна гэж боддог. Үүнд хөрөнгө оруулалтаа зөв тооцоолж л хийх хэрэгтэй. Энэ нь тухайн бизнес эрхлэгчийн эрсдэл мэт боловч томоор харвал монгол орны маань л баялаг учраас маш хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Харин банкны салбарын хөгжил жижиг дунд бизнесийн гол түшиг болж буйд талархдаг.
Бид залуу үеийнхний чөлөөт цагаа өнгөрөөх дуртай орчин үеийн өнгө төрх бүхий орчныг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан. Кофены урлаг, үйлчилгээний соёл, нарийн боов амттаны үйлдвэрлэлийн хөгжилд монголдоо хамгийн олон залуучуудыг анхны гараанд нь хөтөлж өгсөн гэж боддог. Тухайн зах зээлд анхдагч байж, тулгарах саад бэрхшээл бүрийг даван туулж чадсан маань бидний нийгмийн хариуцлагын хүрээн дэх томоохон хөрөнгө оруулалт гэж боддог.