Хоёр тал өчигдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар дээрх асуудал баталгаажлаа. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Швейцарийн Холбооны улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис энэ сарын 4-6- нд манай улсад айлчилж байгаа юм. Швейцарийн Холбооны улсаас Гадаад хэргийн сайдын төвшинд хэрэгжиж буй энэхүү анхны айлчлал нь Монгол, Швейцарийн найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Мөн хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр Гадаадын харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улс 1964 онд Швейцарь улстай Дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Гадаад харилцааны сайд айлчилж буй түүхэн үйл явдал тохиож байна. Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар 2004-2016 онд нийт 100 сая швейцарь франкийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэхүү тусламжийг 2018- 2021 онд үргэлжлүүлэхээр боллоо. Тодруулбал, 2017-2020 онд Монгол Улсад 51.5 сая франкийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Түүнчлэн айлчлалын хүрээнд дипломат болон албан паспорттай иргэдийг Швейцарь улс руу визгүйгээр зорчих эрхийг нээсэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр орны иргэдийн солилцоог өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Мөн Швейцарь улсад зөвшөөрөлгүйгээр амьдран сууж байгаа монгол иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг илүү албан ёсны болгох гэрээнд гарын үсэг зурлаа” хэмээв.
М.ЦАЦРАЛ