Онцгой байдлын ерөнхий газар, Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл судалгааны төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын үндэсний олон нийтийн телевиз, JCI leader, JCI chairman салбарууд хамтран “Хариуцлагатай иргэн” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хот суурин газар болон орон нутагт сайн дурынхныг бэлтгэх, гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учрахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа хийх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр төслийн нээлтийн ажиллагаа НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд боллоо.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Уранзаяа, МУЗН-ын Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал, JCI leader салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Баттөр, JCI chairman салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Наранцацралт нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.