Умард Солонгосын Засгийн газар химийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжийг Сирийн талд нийлүүлсэн байж болзошгүй хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хардлаа. Тус байгууллагын шинжээчдийн энэ асуудлаар хийсэн шалгалтын тайланг “Нью-Йорк таймс”сонин эш татсан байна. Эх сурвалжид бичсэнээр, Умард Солонгосын эрх баригчид хүчилд тэсвэртэй хавтан, хавхлаг, өндөр температурын термометр зэрэг багаж, тоног төхөөрөмжийг Сирийн нутаг руу оруулжээ. "2012-2017 оны хооронд нийт 40 удаагийн тээвэрлэлт хийсэн" гэж “Нью-Йорк таймс” сонинд онцолжээ. Умард Солонгосын усан боомтоос Сирийн чиглэлд зорчиж явсан ачааны хоёр хөлөг онгоцыг энэ оны нэгдүгээр сард саатуулсан аж. Хөлөг онгоцны ахмад Сирийн төрийн өмчит металлургийн “Metallic Manufacturing Factory”, Ардчилсан Солонгосын “Korea Mining Development Trading” компанийн гэрээний дагуу ачаа тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинжээчийн дүгнэлтээр, Сири рүү тээвэрлэсэн ачаа нь баллистик пуужин хийхэд ашигладаг бодис түүхий эд, тоног төхөөрөмж юм байна. Пхеньяны тал Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчин цөмийн технологио хуурамч компани, гэмт хэргийн сүлжээг ашиглан экспортлож байгаа тухай НҮБ-ын ажиглагчдын бэлтгэсэн илтгэлд өгүүлжээ. Илтгэлийн эх хувийг “Associated Press” агентлаг нийтэлсэн байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Пхеньян цөмийн технологио Сириэс гадна Иран, Мьянмарт нийлүүлсэн аж. Улмаар Аюулгүйн зөвлөлөөс НҮБ-ын гишүүн орнуудад энэ асуудлыг судлан Пхеньянтай зэвсгийн болон тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэхгүй байхыг уриалав. Мөн 47 хуудас бүхий тайланд ердийн зэвсэг оруулах гэсэн дөрөв, тансаг бараа оруулах гэсэн хоёр тохиолдлыг тэмдэглэсэн байна. НҮБ-ын шинжээчид хоригийг тойрох гэсэн Пхеньяны схемийг нарийвчлан гаргажээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгос улс цөмийн анхны туршилтаа хийсний дараа буюу 2006 оны аравдугаар сард гаргасан тогтоолдоо Пхеньянд нийлүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалт нийтэлсэн билээ. Жагсаалтад танк, их бууны хүнд систем, нисэх онгоц, нисдэг тэрэг, цэргийн хөлөг онгоц ба пуужингийн систем ба тэдний эд анги, цөмийн технологи зэргийг Умард Солонгост нийлүүлэхийг хориглосон. Тэрхүү жагсаалтыг өнгөрсөн жилд өргөжүүлсэн байна. Шинэ тогтоолын дагуу буудлагын зэвсгээс өөр бусад бүх төрлийн зэр зэвсэг ба түүнд хамааралтай бараа оруулахыг хоригложээ. Ингэснээр Умард Солонгос зөвхөн гар буу винтов, автомат, пулемет, хөнгөн миномет болон гранат харвагчийг худалдан авах зөвшөөрөлтөй болсон юм. Тогтоолын дагуу цөмийн тоног төхөөрөмж тээвэрлэж байж болзошгүй, Умард Солонгосын боомтоос хөдөлсөн усан онгоцыг зогсоон нэгжихийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад үүрэг болгожээ. Гэхдээ хөлөг онгоцны эзэн улсаас нь зөвшөөрөл авч нэгжлэгийг нээлттэй хийх боломжтой юм. Саяхан Сирийн Засгийн газрын хүчнийхэн босогчдын түшиц газар руу давшихдаа хлорын хий ашиглаж байсан гэсэн мэдээлэл гарсны дагуу Пхеньянаас Сирийг зорих усан онгоцуудыг шалгаж эхэлжээ. Умард Солонгосын тал Сири улсад 2016 оноос зэвсэг нийлүүлэх нь ихэсчээ. Тодруулбал, Умард Солонгос Хятадын нэгэн худалдааны фирмээр дамжуулан Сири рүү таван удаа ачаа илгээсэн байна. Түүнээс өмнө ч ачаа илгээсэн байж болзошгүй гэж “Wall Street Journal” сэтгүүлд мэдээлжээ. Сири Умард Солонгосын талтай цэрэг армийн салбарт олон жил хамтран ажилласан түнш орнууд юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА