Олон улсын “Аюулгүй интернэтийн өдөр”-ийг манай улс “Бүтээе, нэгдье, харилцан хүндэлье, эерэг интернэт танаас эхэлнэ” уриатайгаар тэмдэглэлээ. Энэ өдрийг тохиолдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын газар холбогдох байгууллагуудтай хамтарч өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Хурлын үеэр ЦЕГ-ын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан “Манай улсад 2017 онд цахим орчинд гарсан үйлдэлтэй холбоотой 288 гомдол бүртгэгджээ. Эдгээрийн ихэнх нь бусдын нэр хүндийг гутаан доромжлох, садар самуунд уруу татах, залилан мэхлэх шинжтэй байсан аж. Дээрхээс 21 гомдолд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын газарт хэргийг шилжүүлсэн” хэмээсэн юм. Мөн түүний тайлбарласнаар “Интернэт орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, цахим гэмт хэрэг хоёр нь тусдаа ойлголт. Цахим гэмт хэрэг нь сүлжээнд хууль бусаар нэвтрэх, вирус тараах гэх мэтчилэн. Харин цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг бусдыг залилан мэхлэх, нэр төрийг нь гутаан доромжлох шинжтэй байдаг” ажээ.
Түүнчлэн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дэд дарга Б.Халиун “Энэ өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, тус салбарт шийдвэр гаргагчдыг нийгэмд тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхэд уриалдаг. Мөн олон нийтийн сүлжээн дэх кибэр халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн” гэлээ. Мөн тэрбээр зохисгүй мэдээлэл түгээж байгаа сайтуудыг хаах ажлыг хийж байгаа хэдий ч Facebook орчинг хараахан хянаж чадахгүй байгаа. Facebook орчныг хэрхэн хянах тухай асуудлыг ажлын хэсэгтэйгээ ярилцаж байгаа. Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж буй Facebook хэрэглэгчдийн бүртгэлийг сайжруулах, нууц аккаунтыг хэрхэн алга болгох, түүнчлэн манайд үйл ажиллагаагаа явуулдаг үүрэн холбооны дөрвөн компанийг бэлгийн дугаарууд гаргахгүй байх, бүх дугаарыг эзэнжүүлж бүртгэлтэй болгох талаар судалж үзэхийг сануулсан” гэлээ.
Энэ өдрийн хүрээнд яригдаж буй өөр нэг асуудал бол дэлгэцийн донтолт юм. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан мэдээллээр 2017 оны байдлаар 2100 хүүхэд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Үүнээс дэлгэцийн донтолтоор 357 хүүхэд бүртгэгджээ. Хамгийн харамсалтай нь дэлгэцэнд донтсон хүүхэд нэг удаа хэвтэн эмчлүүлээд бүрэн эдгэрэх боломжгүй. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт орчинд өнгөрөөх цагийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, тэдэнтэй илүү тулж ажиллахыг албаныхан анхааруулж байлаа.
Энэ удаагийн арга хэмжээг хамтран зохион байгуулагч Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг “Манай улсад аюулгүй интернетийн хэрэглээ нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бүрдсэн гэдэгтэй санал нэг байна. Одоогоор манайд интернет дэх хориотой мэдээллээс хамгаалах технологи байхгүй. Монголын интернет хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Харин интернетийн орчин хамгаалагдаагүйн улмаас хүүхэд, залуус цахим ертөнцөөр дамжуулан хүчирхийлэл, садар самуунтай холбоотой мэдээлпийг авах, бусдын нөлөөнд автах нь нэмэгдэж байгаа нь харамсалтай байна" гэв.
“Аюулгүй Интернетийн өдөр”-ийг 2004 оноос Европын улсуудад тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санаачилга болтлоо өргөжсөн ба тоон технологийн ололтуудыг таниулах эрхэм зорилготой аж.
Энэ өдрийг дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион байгуулдаг. Ингэхдээ зөвхөн аюулгүй интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлага, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой юм. Интернэтийн эерэг орчныг бүрдүүлэхэд тухайн цахим ертөнцийн давуу тал болох олныг хамардаг байдлыг ашиглахыг зорьсон. Тиймээс албаныхан энэ өдрийг "Бүтээе, нэгдье, харилцан. хүндэлье, Аюулгүй интернэт танаас эхэлнэ” уриатайгаар зохион байгуулж, хүн бүр оролцохыг урмалж байлаа. Түүнчлэн хууль бус контентуудын эсрэг нэгдэн, тэднийг таслан зогсоох хэрэгтэйг зохион байгуулагчид сануулж байлаа.
Манай улс олон улсын энэхүү санаачилга, арга хэмжээнд 2017 онд албан ёсоор нэгдэн орсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын газар /ГБХЗГ/, Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ, НҮБ-ыг Хүүхдийн сан, мэдээлэл технологийн газар, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллага, үүрэн холбооны компаниуд эерэг интернетийг түгээн дэлгэрүүлэхэд нэгджээ.
Өглөөний сонин
Л.Энхцэцэг