Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Үйлдвэржилт-21:100” хөтөлбөрийг баталжээ. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Үйлдвэржилт-21:100” хөтөлбөр батлагдлаа.
Энэ хөтөлбөр батлагдсанаар 21 аймагт 100 үйлдвэр байгуулах бөгөөд орон нутагт ажлын байр шинээр бий болж, сүү цагаан идээний боловсруулалтын чанар сайжирна. Ингэснээр уламжлалт бүтээгдэхүүнээ экспортлох Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелнэ, малчид, тариаланчдын орлого нэмэгдэнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 3.7 их наяд төгрөг шаардлагатай. Хөтөлбөрийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ" гэлээ.