Бидний уух дуртай хийжүүлсэн ундаа хүний биед ямар хор хөнөөл учруулдаг тухай хэвлэл мэдээллийнхэн сануулсаар байгаа.
Гэвч “Кока-кола” компанийн ашиг орлого нэмэгдсээр байна. Үүнийгээ тэд “Зах зээлд эрэлт их байгаагаас худалдан авалтыг баталгаажуулж байна” хэмээн тайлбарлаж байх юм. Тун саяхан манай улсын өсвөр насныхны 63 хувь, насанд хүрэгчдийн 74 хувь нь ясны сийрэгжилттэй байна гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр хүн ам тэр дундаа өсвөр насныхны эрүүл мэндэд онцгойлон анхаарах цаг нэгэнт болжээ.
Анх 1886 онд эм зүйч Жон С.Пембертон Африкт ургадаг кола самар болон Өмнөд Америкийн кока ургамлыг хольж шингэн гаргаж авахад өвөрмөц сайхан амттай болсон гэдэг. Тэрбээр орсон ургамлынхаа найрлагаас шалтгаалж ядаргааг тайлж, сэтгэл санааг сэргээхээс гадна шүдний өвчинд сайн бэлдмэл болно хэмээн найдаж байв.
Бэлтгэсэн бэлдмэлээ туршилтаар худалдаанд гаргажээ. Түүний эл бүтээлийг нэгэн эмийн санч хийжүүлсэн устай санамсаргүй байдлаар хольсноор өнөөдрийн кола үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Гэхдээ бидний өнөөдрийн хэрэглэж буй коланы 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока ургамлын навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг. Харин нэг хувийн найрлага нь “Мерхандиз-7” нэртэй нууцын зэрэглэлтэй, дэлхий дээр 10 хүн л юугаар найруулсныг нь мэддэг хандыг агуулдаг гэнэ.
Хэрэглэгч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг бүрэн мэдэж байх эрхтэй учраас зарим улс “Кока-кола” компанийг энэхүү нууц найрлагаа нийтэд дэлгэхийг шаардаж байсан удаатай. Энэхүү ундааны бүтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК-г эвддэг гэнэ.
Эл дүгнэлтийг Шерсфилдийн их сургуулийн молекул биологи, биотехнологийн профессор Питер Пайпеф гаргажээ. Тухайлбал паркинсоны өвчин, элэг хатууралт нь хийжүүлсэн ундаанаас үүсч болохыг сануулсан байна. Мөн насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 гр , эмэгтэй хүн 16 гр сахар хэрэглэх нь биед аюулгүй гэж эмч мэргэжилтнүүд үздэг.
Гэтэл нэг литр кола ундаанд 100 гр сахар агуулагддаг байна. Энэ нь хүнийг сахарын шижинтэй болгох, зүрхний шигдээс үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг аж. Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургууль нотолжээ.
Үүнээс үүдэн Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа кока-кола худалдахыг хориглож байсан нь гайхмаар зүйл биш юм. Мөн Энэтхэгийн хэд хэдэн мужид ч хориглосон байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэдээ хийжүүлсэн ундаанаас хамгаалахын тулд олон арга хэмжээ явуулдаг ажээ. Тэгвэл гурван хүн амтай Монгол Улс яадаг бол? Энэ талаар “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс лавласан боловч иргэдээс ирсэн гомдлын дагуу шинжилгээ хийдэг бөгөөд кока-коланд иргэдээс гомдол ирээгүй учир судалгаа шинжилгээ огт хийгээгүй хэмээсэн юм.
Дэлхийн 200 гаруй оронд худалдаалагддаг энэхүү ундаа нь 100 гаруй жилийн түүхтэй. Гэвч хүний биед учруулах хор хөнөөл нь нотлогдсоор атал яагаад хэрэглэгчид жил ирэх тусам нэмэгдсээр байна вэ. Үүнийг кока-коланы орц, найрлага болон хэний ч мэдэхгүй нэг хувьтай хамаатай хэмээн тайлбарлах хүмүүс байдаг.
“Кока-кола” компанийнхан саяхан гаргасан мэдэгдэлдээ “Хэрвээ энэхүү ундааг хүний биед хортой гэж хэрэглэгчид үзэж санал гомдлоо ирүүлбэл зах зээлээс бүтээгдэхүүнээ татаж авахад бэлэн байна” гэжээ. Хүний донтох эсийг сэргээдэг эл бүтээгдэхүүний талаар өнөөдрийг хүртэл нэг ч санал гомдол ирээгүйг бодоход дэлхий нийтээрээ коланд донтсон бололтой.
“Кока-кола” компанийнхан зах зээлээс бүтээгдэхүүнээ татаж авахад бэлэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.